Алжирчууд эрх мэдэлд шунасан хөгшин Ерөнхийлөгчөө зогсоолоо
2019-03-12

Алжир улсыг 1999 оноос хойш удирдаж буй Ерөнхийлөгч Абделазиз Бутефлика ирэх сарын 18-нд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа өрсөлдөхөө илэрхийлж, энэ сарын 4-нд Сонгуулийн Ерөнхий хороонд нэрээ бүртгүүлсэн юм.

 

 

Уг үйл явдлын дараахан иргэд Алжир шинэ цагийн удирдагчтай болох ёстой хэмээгээд нас өндөр гарсан Ерөнхийлөгчөө эсэргүүцэн тэмцжээ. Өдгөө 82 настай Абделазиз Бутефлика өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ шаардлагыг үл тоож, эрх мэдэлд шунасаар байв.

 

Тэгвэл Абделазиз Бутефликагийн ноёрхол өчигдөр дуусгавар болж тэрбээр албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ болж, нэрээ татсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Тэрбээр Швейцариас буцаж ирээд дээрх шийдвэрийг гаргаж, жагсаал хийж буй иргэдийг нэн даруй тарахыг уриалав.  Ерөнхийлөгч 2013 оны дөрөвдүгээр сард зүрхний шигдээсээр өвдсөн ба өнгөрсөн хугацаанд Швейцарь улсад эмчлүүлжээ. 

 

Эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж, зөвхөн Алжир гэлтгүй олон оронд ажиллаж, амьдарч буй тус улсын иргэд дургүйцлээ илэрхийлэн, дуу хоолойгоо нэгтгэсэн байна. 

 

Жагсагчидтай 1,000 гаруй шүүгч нэгдэж, ажил хаялт зохион байгуулжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин