Уурхайчиддаа туслах хандивын дансанд 33.8 сая төгрөг цугларчээ
2019-03-13

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд /2019.02.28/ 17.00 цагийн үед хөрсний нуранги үүсч тус уурхайн дөрвөн ажилтан дарагдаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.

 

Энэхүү уурхайн осолтой холбогдуулан эдийн засагч Л.Наранбаатар "Уурхайчиддаа туслая" хандивын аяныг санаачлан эхлүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Хандивын аян зогссон бөгөөд хандивын дансанд 33.8 сая төгрөг хуримтлагдсан байна.

 

Үүнээс осолдсон дөрвөн уурхайчны ар гэрт тус бүр зургаан сая төгрөг, гэмтсэн хоёр уурхайчинд тус бүр гурван сая төгрөгийн хандив өгөхөөр болжээ.

 

Монголын ард түмэн хандивын аянд идэвхитэй хамрагдсанаас гадна "Эко Алтан Заамар" уурхайд эрдэнэт хүмүүсийн амь нас үрэгдсэнд мэргэжил нэгт уурхайчид гүнээ харамсч, “Энержи ресурс”  компанийн хамт олон нэгдэн нийт 23 сая 783 мянган төгрөгийн хандив цуглуулснаа тус хандивын данс руу шилжүүлсэн байна. Мөн "Монполимет"  ХХК-ийн Тосонгийн уурхайчид, "Шивээ овоо", "МАК", "Оюу Толгой", Багануур зэрэг уурхайн инженер, операторууд хандив өргөжээ. 

 

Хандивын аяны талаар эдийн засагч Л.Наранбаатар “Уурхайчиддаа тусалсан сайхан сэтгэлт та бүхэнд баярлалаа. Хариуцлагагүй уул уурхайд цэг тавьцгаая. Дахин хүний амь насаар бүү төлөөс хийгээсэй. Маш хүнд, аюултай, эрсдэлтэй нөхцөлд ажилласан аврах ангийнхан, ОБЕГ-т баярлалаа” хэмээв.

 

 Дашрамд дурдахад олон улсын аудитын байгууллага “Эрнст Янг” хандивын дансанд аудит хийх юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зоочин:
Дандаа хандив Төр засаг ажлаа хиигээчээ .компани ажлаа хиигээч.дандаа хувь хүмүүсиин халаас ржу гар дүрж хандив авахаа зогсоо.төриин буруугаас хүн хохироход ард иргэд өмнөөс нь хандив босгож тусалж байдаг арай дэндүү .төсөв мөнгииг нь төрд шургалсан цүнх баригч хулгайлаад ард иргэд хандиваар хохирсон иргэдииг нь дэмжээд бас татвар төлж төриин албаныхыг тэжээгч юмуу
2019-03-14