Абу Дабигийн Тусгай олимпын бамбар аслаа
2019-03-15

 

 

Тусгай олимпын нээлт АНЭУ-ын Абу Даби хотноо боллоо. Тусгай олимпын наадам оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүст “Та бүхнийг чадна, бусадтай л адил” гэх итгэлийг төрүүлэх, бусдад нь “Тэд бол бидний нэг. Тэдэнд биднээс өөр зүйл огтхон ч үгүй” гэдгийг хамгийн “чангаар” хэлдэг.

 

Энэ удаагийн олимпын наадмын нээлт АНЭУ-ын Абу Даби хотын 45 мянган хүний суудалтай “Zayed sports city” цогцолборт боллоо. Наадмыг нээж дэлхийн 12 орны залуусаас бүрдсэн хамтлаг дуулж, бүжиглэн цэнгэлдэхийг доргиосон. Тэдний араас DJ BLESS олимпын нээлтийг хөглөв.

 

 

Нээлтийн арга хэмжээнд олон улсын Тусгай олимпын хорооны ерөнхийлөгч Тим Шрайвэр оролцож, "Энэ бол та бид нэгнийгээ хүлээн зөвшөөрөх боломж. Эндээс ундарч буй хайрыг мэдэрсэн та аль хэдийнэ ялагч болсон" хэмээн хэлж, тамирчдад урам зориг өгсөн юм. Энэ удаагийн олимпын наадамд дэлхийн 190 орны 7500 тамирчин оролцож буй.

 

 

Манай улс 2015 онд анх удаа АНУ-д болсон Тусгай олимпын зуны наадамд оролцож байсан. Харин энэ удаа 28 тамирчин спортын 8 төрлөөр өрсөлдөхөөр АНЭУ-г зориод буй. 

 

 

Олимпын нээлтийн хамгийн торгон агшин бол олимпын бамбарыг залах ёслол. Олимпын бамбарыг цэнгэлдэхэд залахдаа тэнгэрээс буулгаж ирсэн нь нэгэн сэтгэл хөдөлгөсөн шийдэл байв. Дэлхийн найман орны төлөөлөл болсон тамирчид цэнгэлдэхэд буухиалан, олимпын бамбарыг асаасан юм. Ийнхүү Абу Дабигийн Тусгай олимпын бамбар аслаа. 

 

Shuud.mn
Сонин хачин