Д.Цэнд-Аюуш: KFC-ийн Зайсан дахь салбарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан
3-19

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “KFC” сүлжээ хоолны газарт хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт энэ сарын 14-нд эцэслэн гарчээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Нийслэлийн хэмжээнд “KFC”-ийн 12 сүлжээ үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас  бусад 11 салбар болон Зайсан салбарт хяналт шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд хэд хэдэн зөрчил дутагдлыг илрүүллээ. Тухайлбал зарим салбар дээр ашиглаж байгаа ундааны хугацаа дууссан. Мөн нийт 410 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой байтал 9 хүн үзлэгт хамрагдаагүй байсан. Энэ мэт 64 зөрчлийг илрүүлсэн. Улмаар дөрвөн салбарт Зөрчлийн хэрэг нээн шалгаж, 4 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан бол долоон газарт хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

 

Харин хоолны хордлого гарсан Зайсан дахь KFC-ийн үйл ажиллагааг прокурорын тогтоолоор бүхэлд нь зогсоосон. Зөрчлийн тухай хуулийн 6.14.4, 6.15.3.1, 6.15.2 дахь заалтуудыг үндэслээд нийтдээ тухайн салбар дээр 14 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.  Мөн 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан. Үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндэд учруулсан хохиролд эм, эмнэлгийн зардалд 49 сая 407 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж барагдуулах арга хэмжээ авч ажиллаа.

 

Сэжиг бүхий 18 нэр төрлийн 5969 ширхэг 31.1 кг амталсан болон амтлааггүй тахианы мах, бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг хурааж, устгуулах арга хэмжээг авч ажилласан. Мөн тухайн KFC салбарын усан хангамжийг нийлүүлэгч “CCS MGL” компанийн гүний худгийн үйл ажиллагааг шалгахад зохих зөвшөөрөлгүйгээр ус түгээж байсныг илрүүлж тухайн хэрэг дээр Зөрчлийн хэрэг нээж 5 сая төгрөгөөр торгох шийтгэл, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж ажилласан.

 

Хордлогын шалтгааныг:

 

МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын төв лаборатори

 

НМХГ-ын төв лаборатори

 

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори

 

АШУҮИС-ийн лаборатори зэрэгт тухайн эд бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлсэн

 

Шинжилгээний дүнд үндэслэн ХӨСҮТ-тэй хамтран дүгнэлт гаргалаа. Дүгнэлтээр хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт болох нь өвчтөнүүдэд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний дүнгээр, хохирогч холбогдогчоос авсан мэдүүлгээр тогтоогдсон" гэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хачин юм:
Энэ олон зуугаараа байгаа жирийн цайны газруудаас яагаад ийм хордлого гарахгүй байна. Хууль Сахиулахын Их Сургуулийн тэндэх цайны газрууд гэж хачин юм байдаг юм байна лээ шүү дээ. Зөөврийн устай, юун ариун цэвэр, юун стандарт
2019-03-19
хм:
Тэгэхэд бөөнөөрөө хордохгүй байгаа биз
soyol:
KFC eer uilchluuleed huuhed maani hordood uursduu l emchilsen de , gadnaas hordlogiin esreg em taria abaad ,, emnelegt ochooguigeeree bid hohirood uldekh umbhda
2019-03-19