Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог
2019-03-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Бид гамшгийн дуут дохиогоор жилдээ нэг удаа  байр байшингийнхаа гадна талбайд гарч жагссанаас биш жинхэнэ аваарын дохиогоор  аюулгүй байдалд жагссан удаагүй амар тайван эх оронтой ард түмэн. Тиймдээ ч гамшгийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг аврах тухай огтхон ч мэдлэггүй гэж хэлж болно. Гэтэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн аюул нүүрлээд байгааг Онцгой байдлын албанаас мэдээлсэн юм.

 

Тухайлбал Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 16-ны хооронд нийт 42046 газар хөдлөлт болсон байна. Харин он гарсаар эхний гурван сарын байдлаар 261 газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ.

 

Идэвхжилт их ажиглагдсан бүсүүдэд Монгол Алтай нурууны өмнөд төгсгөл хэсэг болох Дарви, Хан Тайшир, Хар Азарга болон Гичгэний нурууны бүс нутгууд, Чуй, Могод, Бүсийн гол, Тахийн шар, Үүрэг нуур болон Цагаан шувуут, Мөнххайрхан, Булнай, Могод, Дэрэнгийн голомтын бүсүүд багтаж байна.

 

Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхитэй бүсэд оршдог байна. Улаанбаатар хот орчмын Авдар уул, Эмээлт, Гүнжийн ам, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум  гэсэн зургаан бүс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд тооцогддог. Эдгээрээс Улаанбаатар хотод хамгийн ойр нь 15-20 км зайд, хол нь 212 км зайд оршиж байна. Эдгээр газарт 6.5 баллаас 8.5 баллын газар хөдлөх магадлалтай аж. Тухайн газруудад газар хөдлөхөд Улаанбаатар хотод мэдрэгдэх хүч нь 5.5-7.5 балл гэдгийг албаныхан хэлж байна.

 

“Жайка” төслөөс 2013 онд ОБЕГ-тай хамтран гаргасан газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр Улаанбаатар хотод 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжын 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоог гаргажээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Маргааш гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль 16.00 цагт явагдана. Энэ өдрийг Монголчууд ширээн доогуур орж нуугдан, идэвхитэй оролцсон нэгнээ шоолж, гадна талбайд гарч жагсаад сэлфидэх зэргээр л өнгөрүүлдэг. Гэхдээ эрсдэл бидэнд маш ойрхон байгааг дээрх тоон судалгаанаас байгааг харж болно. Иймээс иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох нь чухал байгааг Онцгой байдлын алба хаагчид анхааруулж байна.

 

Газар хөдлөлтийн урьдчилан таамаглаж болно. Гэвч чухам яг хэзээ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой аж. Хүн бүр ойрын хугацаанд хаа нэгтээ аялахгүй байлаа ч үүргэвч  бэлдэж, түүндээ бичиг баримт, эмийн сан, удаан хугацаанд хадгалж болох гурав хоногийн хүнс, хүлээн авагч /радио/, гар чийдэн зэргийг хийж, гамшиг нүүрлэсэн үед хэрэглэхэд зориулан гэр, орондоо бэлэн байлгахыг зөвлөж байна.

 

Энгийн өдрүүдэд амьдралд огт хэрэг болдоггүй, хэрэглэсэн ч хаячихдаг зүйлс гамшгийн үед маш их хэрэг болдог аж. Тухайлбал гялгар уутаар хугарсан гарыг чиг барьж боох, сойх зэрэгт ашиглах боломжтой. Мөн цэвэр устай саваар гал асаах, сонингоор аяга хийж хоолоо идэж болох юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин