УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлалаа
2019-03-20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  үдээс өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн үдээс хойшхи хуралдаанаар  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. 

 

Дараагаар нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байлаа. Уг хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс гурав хоногийн завсарлага авах санал гаргасан юм. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуулийн төслүүдийг өнөөдөртөө багтаан хэлэлцэхээр шийдвэрлэснээ мэдэгдэж, холбогдох асуудлаар ажлын хэсэг хуралдаж байгаа юм. Ажлын хэсгийн хуралдааны дараагаар чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхээр болж, 18:00 цаг хүртэл түр завсарлалаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин