Эмээ тогтмол уувал сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин
2019-03-22

 

“Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал” гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Германы эрдэмтэн Доктор Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээн илрүүлснээс хойш 130 гаруй жил өнгөрсөн хэдий ч уг өвчин дэлхий даяар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг  хэвээр байгаа.

 

Энэ жил энэхүү өдрийг дэлхий нийтээр "Сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлэх цаг нь болсон" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.  Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2019.03.22/ дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг угтан хэвлэлийн бага хурал хийлээ. 

 

Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн "Монгол Улс номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон улсын нэг болсон. Жилд дунджаар сүрьеэгийн 4000 орчим тохиолдол бүртгэгдэж байна. Монгол Улс дахь сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаагаар энэ өвчнөөр өвдсөн гурван хүн тутмын нэгийг илрүүлж хоёрыг нь илрүүлж чадахгүй байгаа аж. Учир нь иргэд сүрьеэгийн халдвар авснаа мэдэхгүй явсаар хүндэрсэн үед нь эрүүл мэндийн байгууллагад хандах тохиолдол олон байна. Тиймээс сүрьеэгээр өвдсөн хүмүүсийг цаг тухай бүрт нь оношилж чадахгүй байна" гэдгийг онцоллоо.

 

Иймд иргэд сүрьеэ өвчнөөр өвдөхгүйн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхитэй хамрагдаж хүн бүр хичээл зүтгэлтэй хандахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

 

Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд эмчилгээ үнэгүй олгогддог бөгөөд төрөөс бүх зардлыг даадаг. Харин өвчтөн сүрьеэгийн эмчилгээний эмийг эмчийн хяналтад тасралтгүй тогтмол уух ёстой. Ингэвэл сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин болохыг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн онцлон санууллаа. 


 

Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх 10 өвчний нэг бөгөөд дэлхий дээр жил бүр 10 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,6 сая хүн уг өвчний улмаас нас барж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 230 мянга орчим хүүхэд эндэж байна. Нас баралт өндөр байгаа нь өрх гэрүүд, улс оронд эдийн засгийн хувьд маш том дарамт учруулж байгаа юм.

 

Монгол улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 улсын нэг болж 4-рт орж байна. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж байна.



Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг Дэлхий даяар “Цаг нь болсон!” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд гол утга нь дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлж, тэмцлийн үйл ажиллагаагаа түргэсгэн хамтдаа тэмцэх цаг нь болсон гэдгийг уриалж байна. Идэвхтэй илрүүлэг, эмчилгээ, үйл ажиллагааны үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22% -иар буурсан боловч цаашид энэ тоог 2020 онд 35%, 2035 онд 95%-иар, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн юм.


Өнгөрсөн 9-р сард НҮБ-ын сүрьеэтэй тэмцэх дээд хэмжээний уулзалтаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлж, олон сая хүний амийг аврахын тулд алдах цаг мөч байхгүй болохыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей анхааруулав. Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй болгоход улс орнуудын олон талт хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа талаар онцлон тэмдэглэсэн билээ.


 

Сүрьеэгээс сэргийлэх ажилд бүх салбарын оролцоо, үүнд засгийн газар, орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, иргэний нийгэм, хувийн салбар болон хэвлэл мэдээллийн салбар хамтран ажилласнаар сүрьеэ өвчнөөс сэргийлэх ажил үр дүнд хүрч болохыг Монгол улсын засгийн газар болон ДЭМБ-аас онцолж байна.

Shuud.mn
Сонин хачин
энэ муухай онолоо хэзээ хэлэхээ болих бол эмч нар аймшиг
2019-03-22
энэ Нямхуу гэдэг долийсон фсдаг зайлуулаачээ
2019-03-22