Нара ба монгол эмэгтэйчүүдийн “нүцгэн” үнэн


Өнгөрөгч долоо хоногийн хамгийн “том” сенсацийг дуучин Нара тарив. Хэдэн жилийн өмнө сонгуульд нэр дэвшиж, шууд нэвтрүүлгийн үеэр “тайчигч хүүхэн” хэмээн цоллуулж дуу шуу болсоор гарч одон тухайн үедээ л “трэнд” бичлэгийн эзэн болж байв. Тэгвэл энэ удаад тэрбээр орхиод одсон нөхрийнхөө ажлын байран дээрээс “шууд дамжуулалт” хийж, бас л шуугиан дэгдээв.
Юу ярьж, яаж аягласныг ерөнхийд нь бүгд үзсэн тул шүүн тунгаахыг хүссэнгүй. Харин үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй эрчүүдээс болж “хал” үзэж, амьдралын хүндийг нуруундаа тээж яваа монгол эмэгтэйчүүдийн “нүцгэн” үнэнийг бичье гэв.
Хуучин нөхөр рүүгээ орилж хашхирч буйгаа олон нийтийн сүлжээгээр цацсан нь Нара болохоос Монголд өнөөдөр нөхөртөө хаягдсан, хүүхдийнхээ тэтгэмжийг ч авч чадаагүй, магадгүй бас хүрээд ирэх болов уу хэмээн хүлээж л суудаг эмэгтэйчүүд олон доо...
Тэдний зарим нь бардам. Орхиод явсан түүнээс юу ч гуйхгүй амьдарна хэмээн ганцаараа бүхнийг болгоод л, ажиллаад, амьдраад л байна. Гэтэл бас хүлцэнгүй ноомой нэгэн байхад, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй өөр нэгэн эмэгтэй их хотын хаа нэгтээ аж төрж байгаа.
Хүний эрхийн Үндэсний Комисст нэгэн эмэгтэй хандаж асуулт тавьжээ. Тэрбээр “Хүүхдүүд маань ааваасаа тусдаа амьдардаг юм аа. Биднийг гэрлэлтээс салгуулснаас хойш хүүхдүүдийн аав нэг ч удаа уулзаагүй. Нэг удаа уулзах хүсэлт тавихад “Одоо та нартай холбоотой баймааргүй байна. Хүүхдүүдээ өөрөө асарч, тэжээ” гэсэн хариу өгсөн. Өсвөр насны хүүхдүүдээ ганцаараа өсгөж, асарч хамгаалахад хэцүү байгаа тул зөвлөгөө өгнө үү. Тэр хүнд хүлээх хариуцлага байхгүй гэсэн үг үү” гэжээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүргийг тодорхой заасан байдаг. Тус хуульд зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Тухайлбал,
10.1.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ:
- Хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх;
- Хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх;
- Хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;
- Хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах;
- Хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах;
- Хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;
- Хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах;
- Хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах;
- Хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх;
- Хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;
- Хууль тогтоомжид заасан бусад” гэж заажээ.
Үүнийг манай монголын “гүндүүгүй” гэж өөрсдийгөө тодорхойлдог эрчүүд мэдэхээсээ мэдэхгүй нь олон. “Хэний ч хүүхэд юм билээ” гэж хэнэггүйтнэ. Яах аргагүй эцэг тогтоолгох шинжилгээгээр үнэнийг баталж, шүүх цагдаадаа тулахад сая нэг “эцэг” гэдгээ хүлээн зөвшөөрнө.
Хээгүй, гүндүүгүй гэж өөрсдийгөө хөөргөдхийн оронд хаа хаанаа хариуцлагатай, хариуцлага хүлээх чадвар, ухамсартай амьдарвал болж л байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ