Нийтийн албан тушаалтнуудыг үндэслэлгүйгээр хардах тохиолдол цөөнгүй байна
2019-03-25

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2019 оны нэгдүгээр улиралд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 151 гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг шалгуулахаар ирж буй өргөдөл, гомдлын талаас илүү хувьд нь ашиг сонирхлын зөрчил тогтоогдохгүй байна. Дээрх байдалд дүн шинжилгээ хийхэд нийтийн албан тушаалтнуудыг үндэслэлгүйгээр хардах, гүтгэх, эрх бүхий байгууллагаар өөрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн дүгнэлт гаргуулах гэж оролдох тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал, 

 

  • Батлан хамгаалах яамны хурандаа Н.Очирбат нь “Улсын нисэхийн нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийн албан тушаалд өөрийн найз С.Ганболдыг сонгон шалгаруулалттгүй томилуулсан гэх;

 

  • Улсын Нэгдүгээр эмнэлгийн чанарын албаны дарга Ц.Цэрэнлхам нь томилогдохдоо сонгон шалгаруулалтад ороогүй гэх асуудлыг шалгахад ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна.

 

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь өнгөрсөн сарын хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээлэл хүлээн авч, 61 өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) тайлангийн хамрах хугацаанд хянан шийдвэрлэж, өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар иргэн, аж ахуйн нэгжид хариуг хүргүүлсэн. Одоо ажиллагаанд 49 гомдол, мэдээлэл хянан шалгагдаж байна.

 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд дараахь албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан. 

 

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Нарантуяа, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээг нэг сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Shuud.mn
Сонин хачин