БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нутаг буцлаа


Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-нд манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэрбээр өнөөдөр /2019.03.27/ өглөө нутаг буцлаа.
Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу юм.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзжээ.
Энэхүү айлчлалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалтыг хийж, автозам, гудамж талбайд хөдөлгөөний хязгаарлалт хийж ажиллав. Зарим автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан нь түгжрэл үүсгэж, иргэдийг багагүй бухимдуулсан.
Хүндэт зочноо түгжрэлгүй замаар зорьсон газар нь саадгүй хүргэхээр цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авч ажилласан ч ажил, хичээлдээ яарсан иргэд дуут дохиогоо нэгэн зэрэг хангинуулж байв. Гэсэн ч цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлж хамтран ажилласан жолооч, явган зорчигч нарт цагдаагийн байгууллагаас талархал илэрхийлж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ