Ардчилсан намын залуус хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус намын гишүүн Э.Төмөрбаатар "Сүүлийн үед болсон улстөрийн нөхцөл байдлаас болоод Ардчилсан намын удирдлага буруу бодлого явуулсны улмаас манай нам бүлэггүй болсон. Ингээд есөн гишүүнтэй бүлэг маань тараад одоо долоон гишүүнтэй Ардчилсан намын зөвлөлөөр ажиллахаар боллоо.
ЖДҮ, Эрдэнэтийн 49, 60 тэрбум зэрэг томоохон хэргүүдэд МАН-тай сөрөг хүчний байр суурин дээрээс хатуу дэмжээгүйн улмаас манай Ардчилсан намын рейтинг унасан гэж үзсэн. Тийм учраас бидний хэсэг залуус 2019.3.14-нд намынхаа бүх гишүүдэд уриалга дэвшүүлсэн юм. Энэ уриалгыг Монгол орны өнцөг булан бүрт суугаа манай намын гишүүд дэмжсэн. Одоо 2019.04.04-нд Ардчилсан намын онц их хурал болно" гэв.
Харин тус намын гишүүн П.Галиндив "С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат гэдэг хүмүүс 60 тэрбумын бүлэглэлийг байнга хамгаалж ирсэн. Тэгвэл сүүлийн өдрүүдэд хууль шүүхийн байгууллагууд улстөрчдийн заавраар хөдөлдөг, тэдний удирдлагыг тодорхой улстөрчид нөлөөллийнхөө хүрээнд томилсон нь ил болсон. Мөн прокурор, шүүхэд томилсон хүмүүсийнхээ тусламжтайгаар шударга бусын хонгилыг байгуулсан. Энэ хонгилоор жирийн иргэдийг дарамталдаг, эрүүдэн шүүдэг нь ил болсон.
2015 онд бид намын удирдлагууд болохгүй байна. Олигархууд Монголын төрийг удирддаг болсон гэдгийг мэдэгдэж дөрвөн жилийн туршид тэмцсээр ирсэн. Одоо ирэх сонгуульд бид нам дотроо шударга ёсыг тогтоогоогүй байж сонгуульд яах гэж орох юм. Ахиад Эрдэнэ, Эрдэнэбатыг сонгуулах гэж сонгуульд оролцоно гэж байхгүй. Энэ улстөрчидтэй хариуцлага тооцож байж дараа нь сонгуулийн тухай ярина" гэлээ.
Г.Сүрэн