Нударгандаа биш сэтгэлдээ хүчтэй байя
2019-03-29

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй "Нэг хором" аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Мэргэжил, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн оюутнуудыг оролцуулсан "УХААЛАГ ЗАЛУУС АМЬДРАЛ АВАРНА" уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2019.03.29/ "UB palace" концертын их танхимд зохион байгуулагдаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэхүү арга хэмжээг ЦЕГ, JCI, Нийслэлийн Боловсролын Газар, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Монголын Сурагчдын Холбоо, Монголын Скаутын Холбоо болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулж буй юм.

 

“Нэг хором” аяны хүрээнд өмнө нь ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ажилтнууд их дээд сургуулийн 3000 орчим эрэгтэй оюутнуудад харилцаа хандлага, эрүүл мэндийн талаар лекц уншиж, сургалт зөвлөгөөн зохион байгуулсан. Энэ удаад ЕБС болон МСҮТ-ийн суралцагчдад илтгэл хэлэлцүүлж байна.

 

Уулзалт хэлэлцүүлэгт “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд, Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Батзориг, топ модель Д.Пүрэвсүрэн, МУГЖ П.Эрдэнэзаан нарын хүмүүс оролцож байна.

 

Энэхүү аянаар залууст уураа “уучлаарай”-аар сольж нударгандаа биш сэтгэлдээ хүчтэй байхыг уриалж буй юм. Учир нь залуус түрхэн зуурын уур омгоо барьж дийлээгүйн улмаас насан туршдаа өргөст торны цаана сууж амьдралаа ирээдүйгээ үгүй хийж буй олон харамсалтай гэмт хэрэг гарч буй.

 

Тухайлбал өнгөрөгч 2018 онд "дуу дуулуулсангүй" гэх үл ялих шалтгаанаар хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан.  Тодруулбал БГД-ийн 7 хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед үйлчлүүлж байсан 1997 онд төрсөн А нь үл таних хүмүүст зодуулан, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа амь нас нь хохирсон. Эл хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газар, БГД-ийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлж 25 настай Ө гэгч нь хамт олонтойгоо тухайн караокегоор үйлчлүүлэх үедээ “Дуу дуулуулсангүй” гэх үл ялих шалтгаанаар А-ийн биед халдаж, амь насыг нь хохироосон болохыг тогтоож байв. Хүний амь нас хохироосон уг этгээд талийгаачийг өмнө нь таньдаг байгаагүй, өш хонзонгийн сэдэл агуулаагүй бөгөөд зөвхөн архидан согтуурсны улмаас уур омгоо барьж дийлээгүйн улмаас хүний аминд хүрсэн болох нь тогтоогдсон.

 

Тэгвэл тун саяхан арван жилийн нэг ангийн сайн найзууд архидан согтуурч, үл ялих маргаан дэгдээж улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах "Буянт-Ухаа-2" хорооллын ...байрны ...тоотод арван жилийн сайн найзууд архидан согтуурч улмаар маргаан дэгдээж таарамжгүй харилцаа үүсгэснээс улбаалан 38 настай эрэгтэй Б-г 38 настай эрэгтэй Э цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироожээ. Талийгаач албан ажлаар Улаанбаатар хотод ирээд байх хугацаандаа найзынхаа гарт харамсалтайгаар амиа алдав.

 

Хоёр найз хэн хэн нь нэгнийхээ амийг бүрэлгэх л гэж уулзаагүй нь мэдээж. Уулзалтын төгсгөлд нэг нь шороонд, нөгөө нь шоронд орчих нь гэж төсөөлөө ч үгүй биз...Ганцхан хором л уур бухимдлаа барьж, уужуу саруул ухаанаар маргааныг намжаасан бол найзууд өнөөдөр хамтдаа инээлдэж суух байсан.

 

Энэ мэт олон харамсалтай гэмт хэргийн хохирогч болоод хэрэгтэн болохгүй байгаасай хэмээн уриалж цагдаагийн байгууллагаас “Ганц хором” аяныг эхлүүлж залуусыг цуглуулан ухаарлын лекц уншиж буй юм. Аян ч үр дүнгээ өгч эхэлсэн бололтой. Уурлаад өмнөөс нь дайрч буй нэгнийхээ өөдөөс өнөөх нь “Хөгшөөн ганцхан хором, ганцхан хором л тэсчих” гэсэнд хоёул инээлдэж, гар бариад салж байна гэнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эр хүмүүс бие биенээ гадны биет эд юмаар гэмтэл учруулахгүйь дараа нь шүүх энэ тэр гэж новшроод шалчигнаад байхгүй ганц ганцаараа нудрагаар сайхан үзчихэд ер нь гэмгүй.
2019-03-31