Сэтгүүлчдэд үзүүлсэн БИЧЛЭГ-ийн эргэн тойронд

Будаг нь халцарч, энд тэндгүй загалтсан хана, хүнд төмөр хаалга, хана дагуу орыг орлуулан байршуулсан хоёр наар бүхий өрөө. Энэ бол Төв аймаг дахь ШШГЕГ-ийн хорих ангийн зоорийн өрөө. Тэнд цонх, ус, агааржуулагч, жорлон ч байхгүй.
Өрөөнд сэжигтэн Б.Содномдаржааг нааран дээр хэвтэж байх үед Ц.Амгаланбаатар лагс биетэй /Тайлбарт, лагс биетэй эрийг И гэж бичжээ/ нэгэн эрийн хамт орж ирнэ. Тэр хоёр өрөөг эзэгнэх бөгөөд Б.Содномдаржаа үүд хавьцаа шилжинэ. Ингээд Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа руу “Хүн алснаа хэл. Хэргээ хүлээ” гэж дайрч давшилж байгаагаар дүрс бичлэг эхэлнэ.
Энэ бол С.Зориг агсны хэргийг мөрдөн байцаахдаа эрүүдэн шүүлт явсныг гэрчлэх 2015 оны есдүгээр сарын 1-6-ны өдөр хүртэлх 30 орчим минутын камерийн бичлэг. ТЕГ-аас уг хэргийг мөрдөх явцдаа эрүүдэн шүүж байгаа камерийн бичлэгээс хуулийн зөвшөөрөгдөх хүрээнд хэсэгчлэн авч, бэлтгэн, дотоодын хэрэгцээндээ ашиглах зориулалтаар хэвлэлийнхэнд үзүүлж байгааг ТЕГ-ын газрын дарга онцолсон.
Шөнийн 23:00 цагаас хойш Хорих ангийн бүх хоригдол, сэжигтнүүд амардаг журамтай байна. Харин Б.Содномдаржаагийн өрөөнд 23:00 цагаас хойш дэглэлт, тамлалт, эрүүдэн шүүлт явагдаж байсныг камерийн цаг харуулна. Ц.Амгаланбаатар хамт орж ирсэн хоригдлын хамт өдөр нь унтаж, шөнө Б.Содномдаржаа руу дайрч, хувцсыг нь тайлж, “Хэргээ хүлээ, чи хүн алсан биз дээ” гэж цохин, суниалгаж, "галуун цуваагаар" явуулах шүүлт үргэлжилж, зарим тохиолдолд маргааш өдрийн 15:00 цаг хүртэлх үргэлжилж байгаа нь бичлэг харагдана. Хариуд нь Б.Содномдаржаа “Би хүн алаагүй. Чи алдаг биз дээ. Чи таван настай байхдаа намайг “ах аа” гэж дуудаад миний гараас хөтлөөд явдаг байсан биз дээ” гэх.
Хоригдол И 1 метр 90 см өндөртэй, 100 кг жинтэй. Өрөөнд жорлон байхгүйгээс будгийн сав буюу хөвнөгт Ц.Амгаланбаатар нар бие засна. Бичлэг дэх нэг хэсэгт хувцсыг нь тайлуулан, нүцгэнээр цементэн шалан дээр суниалгаж, галуу цуваагаар явуулж, өтгөн, шингэнтэй хөвнөгөө Б.Содномдаржаа цацахад эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үед нөгөөх лагс биет Б.Содномдаржааг буланд шахан нүдэж, дэвсэж байгаа нь бичлэгт харагдана. Үүнээс болж Б.Содномдаржаагийн хавирга хугарсан нь тогтоогджээ. Сагс тоглодог байсан, 16 жилийн ялтай, 6 жилийг нь биеэр эдлээд, чөлөөлөгдсөн гэх хоригдол “И” Б.Содномдаржааг эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд Ц.Амгаланбаатарыг хамгаалах үүрэгтэй байсан нь эндээс харагдана.
Бичлэгийн нэг хэсэгт ШШГЕГ-ын ажилтан өрөөнд /албаны хүмүүсийн тайлбарласнаар/ орж ирж, Ц.Амгаланбаатар нар гарна. Хоёр цаг орчим өрөөнд байх хугацаандаа мөн л Ц.Содномдаржааг хэргээ хүлээхийг шаардаж, тулгаж, эрүүднэ. Энэ хугацаанд Ц.Амгаланбаатар, И нарт тусгай хоол өгч, Б.Содномдаржааг хорих ангийн дэгээр хооллож байжээ.
Б.Содномдаржаагийн өрөөнөөс тусгаарлагдсан Ц.Амгаланбаатар шөнийн 23:00 цагт сэжигтэн Т.Чимгээгийн өрөөнд цээж нүцгэн орж, мөн л хэргээ хүлээхийг тулган, эрүүдэн шүүж байгаа нь харагдана.
Ийнхүү Төв аймгийн ШШГЕГ-ын харьяа хорих ангийн хонгилын өрөөнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 447 гаруй хоног эрүүдэн шүүж, ял тулгах ажиллагаа явуулсныг ТЕГ-ын мэргэжилтэн хэллээ. Хорих ангийн зоорийн хэсэг дэх энэ өрөөг 2002 оноос хойш ашиглаж байгаагүй. Харин 2015 оноос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьсон. н.Булган ч энэ өрөөнд хоригдож байсан хэмээн ХЗДХ-ийн сайд онцолсон юм.
Ц.Нямдорж: Энэ бичлэгийг хаана ч зохиож, хэн ч эвлүүлж чадахгүй
Сэтгүүлчдэд хаалттай үзүүлсэн уг бичлэгийн дараагаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр гэр бүлээрээ шатаагдаж, амиа алдсан “паар” Б.Отгонбаатарын ах Б.Нэргүй хамт оролцлоо. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Би хэвлэлийнхнээр дамжуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр болон ар гэрийнхнээс нь уучлалт хүссэн. Харин одоо уг хэрэгт холбогдож, гэр бүлээрээ галд өртөн амиа алдсан Б.Отгонбаатар гэж залуугийн ар гэрийнхнээс Монголын төр уучлалт гуйж байна. Энэ хэрэг шийдэгдсэнээс хойш гурван жил найман сар, би энэ асуудлыг судалж эхэлснээс хойш хоёр жил зургаан сарын хугацаа өнгөрлөө.
Нас өндөр гурван хүн их зовж байна. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа. “Танай хүүхдүүд хүний аминд хүрээгүй” гэдгийг нотлохыг хүсч байгаа юм. Асар их хугацаа өнгөрсөн. Би энэ асуудлыг шийдээд, энэ хүмүүсийг явуулаад өгөөч гэж Ерөнхий прокуророос их гуйсан, шийдэгдээгүй юм.
Энэ тамлах ажиллагаа гурван үе шаттай явагдсан. 2013 оны наймдугаар сарын дундуур Амгаланбаатар дээр ажиллагаа эхэлсэн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг АТГ-т аваачиж, гүйцэтгэх ажил явуулсан.
ШШГЕГ-ын серверээс сэргээсэн бичлэг. Энэ бичлэгийг хаана ч зохиож, хэн ч эвлүүлж чадахгүй. Ер нь энэ ажиллагааг зохион байгуулсан хүмүүс бол 4-5 прокурор. Гүйцэтгэх, мөрдөх, хянах, зохион байгуулах тэр бүх ажлыг орлогч прокурор Г.Эрдэнэбат хариуцаж ажилласан. Нэг хүн энэ бүх шат дамжлагыг хариуцдаггүй хуулийн зохицуулалттай.
"Паар" гэдэг залуугийн ах Нэргүйг би авчирч өнөөдөр уулзлаа. Тэр залууг бурхны оронд одсоны дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг. Гэрч 1998 онд Ц.Амгаланбаатар ах бид гурав хамт ууж байтал Амгаланбаатар ах хот орж захиалагч нараас мөнгө авсан гээд өврөөсөө багсайсан мөнгө гаргаж ирээд хүүхдүүдэд нь мөнгө тараасан гэж ярьсан байдаг. Гэтэл талийгаач залуугийн том охин 1999 онд удаах нь 2001 онд төрсөн байгаа юм. Ингээд худлаа нь нотлогдож байгаа юм.
2015 оны гуравдугаар сарын 31-нд Б.Содномдаржаад эрүү үүсгэж, 30 хоногийн дараа Т.Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ингээд наймдугаар сард тэднийг хориод есдүгээр сард шүүхээр орсон. Тэднийг Ганц худгийн хамгийн чанга дэглэмд хорьсон.
Шүүхийн шийдвэр гарсны дараа прокурор тэдэнтэй хэнийг ч уулзуулж болохгүй гэсэн бичиг өгөөд дарамтлаад байсан. Хуулиараа бол шүүхээр шийтгүүлсэн хүнтэй уулзахад зөвшөөрөл авах шаардлагагүй" хэмээн мэдээлэв. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Хэргийн захиалагч хэн байсан талаар мэдүүлэг байдаг уу?
-Захиалагч, зуучлагч, хамжигч гэж байгаа. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар худлаа юмнууд олон байна. Мөнгө нэг бол цаасан дугтуйтай, нэг бол чемодантай болоод яригдаад байдаг. Үүнд нэр холбогдсон хүмүүсийг дуудаж асуугаагүй. Шууд л яллачихсан.
-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хилсээр шийтгэгдсэн бол тэдний хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
-Хохирлын тухайд хохирсон хүмүүс өөрсдөө гомдлоо гаргаад, түүний дагуу асуудлыг шийднэ.
-С.Зориг агсны эхнэр Булган хохирогч юм уу, яллагдагч юм уу. Шалгагдаж байгаа статус нь юу юм бэ?
-Булганы хувьд би ч ойлгохоо байсан. Хохирогч байснаа, сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдож байхдаа энэ хүмүүсийг алуурчин биш гэдгийг хэлсэн. Ингээд Булганыг шүүх хуралд оруулахгүй, дээр үед өгсөн ам зургаар нь шийтгэсэн.
Б.Нэргүй: Тагнуулын газар намайг байцааж, шинжилгээ хүртэл авсан
Захиалагчийн мөнгийг тараасан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаад гэр бүлээрээ галд шатаж амиа алдсан Б.Отгонбаатарын ах Б.Нэргүй сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр:
-Миний дүү мөнгө тараасан гэх асуудлыг би одоо л сонсож байна. Би төрсөн дүү Хишгээгийн хамтаар шүүх хуралд оролцож байсан ч нарийн зүйл ярилцаж болохгүй гэсний дагуу ярьж байгаагүй. ХЗДХ-ийн сайд нь хүүхдүүдэд таваас гучин мянган төгрөг тараасан тухай ярьж байна. Би мөнгө төгрөгний асуудлыг үнэхээр мэдэхгүй. Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нэг гудамжинд амьдардаг хамар хашааны хүүхдүүд байсан. Т.Чимгээг сайн мэдэхгүй ч, Б.Содномдаржаатай манай дүү нар нэг дошин дээр тоглож өссөн.
-Танай дүүг энэ хэрэгтэй хэрхэн яаж холбогдуулсан юм бэ?
-Манай дүүг цахилгаанаас үүдсэн галд 2006 онд шатаж амиа алдсан гэж өнөөдрийг хүртэл үздэг. Хүн алсан, хэрэг хийсэн тухай мэдээлэл бидэнд байгаагүй. Хэрэг хаагдаад зургаан жил өнгөрсний дараа манай эмэгтэй дүүг дуудаж байцаасан байдаг юм. Ажлаасаа гарахад нь дагадаг, гэртээ очиход нь үүдэнд нь хүлээж байдаг асуудал олон гарч байсан. Би яг хэрэг гарсан газарт тоглож өссөн, одоо ч тэр шороон дээр амьдарч байна.
Бидэнд энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй байсан. Эмэгтэй дүү маань байцаалтаас гарч ирээд "Манай Паар чинь алуулсан биш. Тэр хэрэгт нь оролцож алалцсан юм байна шүү дээ" гэж хэлээд л ухаан алдаж унаж байсан. Ингэж л бид энэ хэргийн талаар ойлгож эхэлсэн. Тагнуулын газарт намайг байцааж, шинжилгээ хүртэл авсан. 80 гарсан ээжийг минь цонхгүй өрөөнд суулгаад, намайг хотоос авч гараад дүүгийн минь шарилыг заалгаж, ухаад шинжилгээ хийсэн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ