Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжих уу
2019-04-04

УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан. Үүнд:

 

1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

2.“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

3.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

4.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

5.“Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

6.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

7.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,

9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

10.Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

12.Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

13.Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,

14.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

15.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

16.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

17.Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,

18.Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,

19.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

20.Өмгөөллийн тухай хуулийн төсөл,

21.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

22.Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

23.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24.Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

25.Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

26.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

27.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

28.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,

29.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

30.Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

 

Хэлэлцэх асуудалд туссан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл энэ хаврын чуулганаар батлагдах эсэх нь эргэлзээтэй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тусгай дэгээр хэлэлцдэг. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр бол парламент бусад хэлэлцэх асуудлаа хойшлуулж, ард түмний санал асуулга явуулсны үндсэн дээр шийдэгдэнэ. Ер нь чуулган бүрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг тусгадаг ч хэлэлцэгдэлгүй дараагийн чуулганд шилжсээр ирсэн. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхний хувьд орон нутгаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргаад амжсан. 

 

Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх хүрээнд Улсын Их Хурал зарим бүрэн эрхээсээ татгалзаж Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, Улсын Их Хурлаар улсын төсөв хэлэлцэж батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, Улсын Их Хурлын бүрэн  эрх  хугацаанаасаа өмнө дуусгавар болох, Засгийн газрын танхим дахь Улсын Их Хурлын гишүүдийн тоог хязгаарлахтай холбогдсон заалтуудыг тусгасныг ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан онцолж байсан. 

 

    Шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулахад анхаарч шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, үүний зэрэгцээ шүүх нь засаглалынхаа хувьд аль ч институциас хараат бус бие даасан байх заалтууд төсөлд тусгагдсан. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох,  шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоосноос гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгож, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах юм.

 

  Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд улсын чанартай хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аймгийн төвүүдийг орон нутгийн харьяалалтай хот болгохоор тусгасан. Сум дүүрэг,  орон нутгийн харьяалалтай хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс төрийн намуудын оролцоог хязгаарлаж, зөвхөн иргэн өөрийн нэрийг дэвшүүлж өрсөлдөхөөр, аймаг, нийслэл, хот (улсын чанартай), баг хорооны Засаг даргыг дээд шатны  Засаг дарга нь томилох бол сум, хот (орон нутгийн харьялалтай) дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн  иргэд сонгохоор зохицуулж байгаа. Түүнчлэн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахын тулд Засаг даргыг огцруулах нөхцөлийг төсөлд тодорхой зааж өгснийг ажлын хэсгийнхэн онцолж байсан. 

 

Гэхдээ энэ хаврын чуулгантай зэрэгцээд Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгууль явагдана. Тиймээс энэ сонгуульд оролцох парламентад суудалтай улс төрийн хүчнүүд бусад асуудлаа хойш тавьж, Үндсэн хуулийг "барьж" авах эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин