Л.Эрдэнэчулуун: Ард түмний амьдралаар дэнчин тавьсан хууль бус бизнесээ зогсоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар Налайхын уурхайн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Хуралдаанд Налайхын уурхайд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцов.

Энэ хуралдаанаар Налайхын ордын тусгай зөвшөөрлийн 83 хувийг Сүмбэр худаг ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар голчлон хэлэлцлээ. Тус компани уурхайн 70 гаруй цооногт үйл ажиллагаа явуулдаг аж. Тус компанийн эзэмшдэг талбайд 2017 онд тав, 2018 онд гурван хүн нас барсан байна. Налайхын уурхайд гардан нийт ослын 70 гаруй хувь нь Сүмбэр худаг ХХК-ийн талбайд гардгийг мэргэжлийн хяналтын байцаагч хэлж байна. Гэвч тус компани хариуцлага хүлээдэггүй аж. Учир нь тус компани дүүргийн Засаг дарга болон нөхөрлөлтэй хамтран байгуулсан гурвалсан гэрээндээ өөрсдийн хариуцлагыг зааж өгөөгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заалтыг “авч хаядаг” гэнэ. Өөрөөр хэлбэл “хүн үхвэл бид хариуцахгүй” гэсэн гэрээ хийдэг гэнэ. Тиймээс Сүмбэр Худаг ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүлсэн байна. Хүний аминаас үнэтэй нөхөрлөлийн гэрээ, эдийн засгийн үр өгөөж байхгүй гэдгийг мэргэжлийн хяналтын албаныхан хэллээ.
2017, 2018 онд тус компанийн талбайд найман хүн нас барлаа. Энэ хүмүүсийн амь насны хариуцлагын талаар Сүмбэр худаг ХХК юу хийсэн талаар тодруулахад компанийн гүйцэтгэх захирал С.Ганбат “Нөхөрлөлийн үйл ажиллагааг хариуцлагатай байлгахаар сургалтыг байнга явуулж байгаа. Нөхөрлөлийн ахлагч, дотоод хяналтын ажилтнуудад байнга зааварчилгаа өгдөг” гэсэн тайлбарыг өгч байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Хоёр, гурван жилийн өмнө би өөрөө газар дээр нь очиж ажилласан. Тухайн үед есөн нөхөрлөл байсан. Танай үйл ажиллагааг бид зогсоосон. Нэг хүний эрх ашиг, мөнгөний төлөө олон хүний амийг золиослоод байж болдог юм уу. Хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоох гэхээр ард түмний амьдрал ярьдаг. Ард түмний амьдралаар дэнчин болгодог бизнесээ боль. Та нар хамгийн түрүүнд хүний асуудлыг шийдэх ёстой. Ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлж, аюулгүй байдлыг нь хангах ёстой” хэмээн Сүмбэр худаг ХХК-иас хариуцлага нэхлээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Сүмбэр худаг ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг АМГТГ-т хүргүүлэхээр боллоо. Мөн нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчны газарт улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлэхээ мэдэгдлээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ