Гарал үүсэл тодорхойгүй зэрлэг гахайн махыг устгалаа
2019-04-04

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна. 

 


Хяналт шалгалтын хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсээс харъяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн иргэн П.Ууганбаярт холбогдох Амьтны тухай хууль тогтоомж зөрчиж, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр 3 толгой зэрлэг гахайн мах худалдан авсан гэх зөрчилд холбогдох 2 ширхэг зэрлэг гахайн бүтэн мах, илүү 1 ширхэг гахайн элгийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч, холбогдогчийг байлцуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан давааны хогийн цэг”-т устгасан байна.


Зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтаар 1902000146 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. 


Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр 300.0 мянган төгрөгийн торгууль, зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулах хуулийн заалттай.

 

Эх сурвалж: НМХГ

Shuud.mn
Сонин хачин
хайран мах
2019-04-04