С.Эрдэнэ: Шударга бусыг хаацайлсан төр ажиллаж байна


УИХ дахь АН-ын бүлгээс эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэж, АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УИХ дахь АН-ын бүлэг эрхзүйн чадамжтай юу?
-УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн тухайд эрхзүйн чадамтай үйл ажиллагаа явуулж байгаа. УИХ дахь намын бүлгээс гишүүдийг гарсныг УИХ-ын даргад мэдэгдэн, чуулганы хуралдаанд сонсгосны дараагаар бүлгийн асуудал шийдэгдэнэ. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид биднийг хэт цөөнх гэж үзэж, хэтэрхий дарангуйллаа. УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авах л эрхзүйн чадамжтай. Гэтэл завсарлага авахаар үндэслэлээ яаж ч тайлбарласан нэг цагийн хугацаа өгдөг. Гэхдээ бид өнөөдөр бүлгээс гарахаа мэдэгдсэн гишүүдийн саналыг хурлаараа хэлэлцэн шийднэ.
-АН-аас зохион байгуулж байгаа жагсаал ямар зорилготой вэ?
-АН-аас зохион байгуулж байгаа үндэсний хэмжээний жагсаалаар МАН-ын амлалт, ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг шаардна. Шударга төр гэж ярьж байгаа боловч шударга бусыг хаацайлсан төр ажиллаж байна.
-Эмх замбарааагүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол байна?
-АН-аас зохион байгуулж байгаа жагсаал хууль дүрмийн хүрээнд болно. Засгийн газраас хөрөнгө гаргаад жагсаал зохиохоор цэрэг, цагдаа хамгаалдаг. Иргэд жагсахаар хууль бус болдог гэсэн зүйл байхгүй.
-ЖДҮ-чдэд хариуцлага тооцно гэлээ. ЖДҮ-чид парламентад 49 гээд олонхи байгаа.
-ЖДҮ-чид 49-өөр тогтохгүй. 50 гаруй байгаа. Өнөөдөр мэдэгдсэн нь 49 гэж байгаа юм. Зөвхөн ЖДҮ биш концессийн асуудал байна. АН шаардлагаа тавина. Бид ард түмний сонголтыг хүндэтгэж, эрх баригчдад ажиллах боломжийг нь олгосон. Харамсалтай нь эрх баригчид боломжийг буруугаар ашигласан. АН өөрсдийн байр суурин дээр улс төрийн идэвхтэй тэмцэлд шилжинэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ