Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлнэ
2019-04-08

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас  жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг  “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон 2003 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

 Энэхүү өдрийг угтан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас зохион байгуулж байгаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд МУ-ын Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гамшиг судлалын хүрээлэнгийн Нөөц судлалын төвийн дарга, хошууч генерал П.Даш болон Уул уурхайн аврах ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

 

 Алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, стандарт, шаардлага хангасан эрүүл, аюулгүй ажлын байрыг бүрдүүлэх, аливаа болзошгүй ослоос өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх соёл, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор тус аяныг өрнүүлж байна.

 

 Аяны хүрээнд Уул уурхайн аврах ангиас хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын  ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

Энэ үеэр тус стандартыг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах, туршлага солилцох уулзалт, хурал зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин