Нүүрс тээврийн жолооч нарын цалин Хятадад “үлдэж” байна
2019-04-09
"Адууны хашаа"-ны хогийг цэвэрлэж буй жолооч нар

 

Нүүрс тээврийн замд 14 000 жолооч ажиллаж, амьдарч байна. Тэд өнгөрсөн жилүүдэд Тавантолгойгоос Гашуунсухайтыг чиглэсэн зам дээр түгжирч, багадаа долоо хонодог байсан. Уртын урт тээвэр буюу Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт хүртэл явдаг байсныг зогсоосноор зам дээрх цуваа багасаж, түгжрэхээ больсон. Харин хилийн цаана буюу Хятадын Ганц модны боомтод гацах болжээ.

 

Хятадын талаас дугаарыг нь өгсөн машин л хилээр нэвтэрч, Монгол руу гарах боломжтой болсноор жолооч нар Ганц модны боомтод багадаа 5 хонож байна. Жолооч нар машинаа Ганц модны боомт дахь “Адууны хашаа”-нд байрлуулж, өөрсдөө зочид буудалд байрлах ёстой. Учир нь жолооч нарыг кабиндаа хонож, хоол хийхийг хориглосон юм.

 

Ганц модны боомтод тав хонох жолооч багадаа 1000 юань зарцуулж байна. Тухайлбал, зочид буудал хоногийн 130 юанийн үнэтэй. Хоол, ус, тамхиндаа багадаа өдөрт 80 юань зарцуулдаг гэхээр тав хоногт 400 юань. Ингэж бодохоор нэг жолооч тав хоногийн хугацаанд 400 мянган төгрөгийг Хятадын Ганц модны боомтод “үлдээгээд” гарч ирдэг гэсэн үг. Харин жолоочийн нэг удаагийн рейсийн цалин 2500 юань. Хамгийн их буюу 120 тонн нүүрс ачиж орсон жолооч ийм хэмжээний цалин авдаг. Тэгэхээр 970 000 төгрөгийн цалингийнхаа 400 мянгыг нь Хятадын талд тав хонохдоо зарцуулдаг байна. Энэ байдал жолооч нарт хүнд буй аж. Хятадын талаас хоосон машиныг хурдан гаргавал жолооч нарын цалин ядаж эх орондоо үлдэнэ гэдгийг тэд хэлж байна.

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
энэ зүгээр л бодлго яваад байшдээ, тоглолт хийгээд байна даа баялаг ч үгүй цалин ч үгүй зайлуул. Ингэж байхаар хаачвал яадаг юм бол 10 хоног хаагаад үзлдээ хилээ
2019-04-09