17 мянган хүний тэтгэврийг дундаж хэмжээнд хүргэхэд 9.8 тэрбум төгрөг шаардлагатай
2019-04-09

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийг гишүүн Ц.Гарамжав танилцууллаа. 1991 онд 88 мянган иргэн тэтгэврийн насны болзол  хангаагүй тэтгэвэрт гарч байжээ. Өнгөрсөн хугацаанд 44 мянган иргэн нь тэтгэврийн насандаа хүртэл нөхөн олговор авч явсан байна.

 

Уг хуулийн төсөлд 1991 онд 44 мянган ээжийг ажлын байр чөлөөлөхөөр тэтгэвэрт гарсан байдаг. Харин 1997 онд тэтгэврийн нас нь болоогүй ээжүүдэд нөхөн олговор олгожээ. Цаашлаад тэтгэврийн доод хэмжээгээр тооцон тэтгэвэр олгож эхэлсэн байна.  Тиймээс тэнцвэржүүлсэн тэтгэврийн хэмжээнд хүргэж өгөх саналыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс гаргажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын саналыг ХНХ-ын сайд С.Чинзориг “Энэ асуудлыг Засгийн газар авч хэлэлцсэн. Ямар нэг хариу өгөөгүй. Хууль тогтоомжийг боловсруулах хуульд нийцүүлэн холбогдох судалгааг хавсруулах хэрэгтэй. Нийгмийн даатгалын санд ачаалал тодорхой хэмжээний ачаалал ирнэ. Засгийн газар Нийгмийн даатгалын багц хуулиудыг өргөн барихдаа төсөлдөө тусгана” хэмээв.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Нийгмийн, мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дээр Засгийн газрын байр суурь тодорхой байх хэрэгтэй байна. Энэ санал дээр гэхэд Засгийн газар дэмжээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байх юм. УИХ-ын эмэгтэй гишүүд энэ хуулийн төслийг санаачлаад оруулаад иржээ. Бусад гишүүддээ энэ хуулийн төслийг танилцуулвал бид нэмэгдэж орно шүү дээ. Тэр дундаа энэ асуудал дан ганц эмэгтэйчүүдийн биш 88 мянган хүний асуудал. Энэ хууль өргөн баригдсанаар 2020 оны улсын төсөвт хэдэн төгрөг нэмэлт тэтгэвэр олгогдохоор байна вэ?

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Дундаж хэмжээ 342мянган гэж үзэхэд 18 мянган ээжийн цалин нэмэхэд жилдээ 16 тэрбум төгрөг хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-МАН-ын Засгийн газар ээжүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой гэж үздэг. Төсвөөс нэг удаагийн нөхөн төлбөр олгох уу, тэтгэврийг нь шинэчлэн тогтоох уу гэсэн байр суурьтай байгаа. Хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барьж амжихгүй. Тиймээс Нийгмийн даатгалын тухай хуулиа намрын чуулганаас өргөн барихаар ажиллаж байгаа. Тэтгэврийн дундаж хэмжээ өөрчлөгдөж байгаа учир хэлж болохгүй байна. Манайхны тооцож байгаагаар тэтгэврийн дундаж хэмжээ 370 мянган төгрөг болоод байгаа.

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

 

-Энэ хуулийн төслийг хэлэлцээд батлах нь зүйтэй. Энэ асуудал айл бүрт байгаа. Уулзалтын үеэр ард иргэд энэ асуудлаар их хүсэлт тавьдаг.

 

Ажлын хэсгээс өгсөн тайлбараар, 17 мянган хүний тэтгэврийг дундаж хэмжээнд хүргэхэд 9.8 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна. Харин зөвхөн олон хүүхдээр тэтгэвэрт гарсан эхчүүдийн тэтгэврийг 7.2 тэрбум төгрөг шаардлагатай аж. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин