Цэнхэр гаригийн НЭГ өдөр
2019-04-12

Дэлхий дахинаа өнөөдөр болж буй томоохон таван үйл явдлын мэдээллийг хүргэж байна. Энэ талаар “CNN” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

“Хар нүх”: Дэлхийн шинэ од

 

 

Суут эрдэмтэд болох Альберт Эйнштейн, Стефен Хокинг нарын таамаглаж байсан шиг “хар нүх” бидний дэргэд оршин тогтнож буйг “EHT” (Event Horizon Telescope) төслийн багийнхан тогтоож, тус “хар нүх”-ийн зургийг үзүүлсэн билээ.

 

Эрдэмтэд “хар нүх”-ийг илүү таньж, мэдэхийн тулд тус “хар нүх”-ийг дүрс бичлэгт буулгахаар төлөвлөөд байна. Гэхдээ уг ажилд олон жил шаардлагатай гэж төслийн багийнхан мэдэгдээд буй. Нэрт эрдэмтэн Жон Архибальд Веелер тус сансрын өвөрмөц үзэгдлийг 1967 онд “хар нүх” хэмээн нэрийдсэн ба өнөөг хүртэл дэлхийн тайлагдашгүй нууцын нэгээр нэрлэгдсээр байна. Эрдэмтэд “хар нүх” нь 6.5 тэрбум ширхэг нартай тэнцэх масстай, диаметр нь 38 тэрбум километр урт болохыг тогтоожээ. “Хар нүх” нь дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайтай оршдог байна.

 

Дэлхийн даяар тархаад буй “хар нүх”-ийн анхны гэрэл зургийг гаргахад Кэти Боумэн гэх Америк бүсгүйн бичсэн дүрслэлийн алгоритм чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Өдгөө 29 настай Кэти 2016 онд MIT-д компьютер, хиймэл оюун ухааны чиглэлээр суралцаж байхдаа уг алгоритмыг бичжээ.

 

Төслийн багийнхан олон тооны радио телескопын тусламжтайгаар “M87” галаксаас ирж буй долгион бүрийг бүртгэж, сая сая гигабайтын мэдээллийг цуглуулсан байна.

 

Гэхдээ тэд дээрх мэдээллээ цахимаар илгээх боломжгүй учир хэрхэн гэрэл зураг болгохоо мэдэхгүй ихээхэн хугацаа алджээ. Харин Кэтигийн боловсруулсан дүрслэлийн алгоритмын тусламжтай эрдэмтэд гурван скрипт кодыг бүтээж, улмаар “хар нүх”-ийн зургийг амжилттай буулгажээ. Кодын тусламжтай Кэти болон эрдэмтэд асар ихээр хуримтлагдсан 4 сая датаг амжилттай боловсруулж, дээрх зургийг гаргасан байна.

 

Ийнхүү Кэти хар нүхээс дутахааргүй олон улсад “Залуу суутан” хэмээн алдаршиж эхэлсэн талаар “CNN” агентлаг онцлов.  Кэти докторын зэргээ хамгаалаад удаагүй байгаа ба тэрбээр ирэх намраас Калифорни хотын Технологийн Хүрээлэнд туслах профессороор ажиллах урилга хүлээн авчээ.

 

Сарыг эзэгнэх Израйлийн төлөвлөгөө БҮТЭЛГҮЙТЭВ

 

 

Сар нь дэлхийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул. Тус гаригийг судлахаар ЗХУ, АНУ болон БНХАУ хөлгөө амжилттай илгээж байсан түүхтэй. Мөн АНУ, Япон 2020-2021 онд сар руу хөлгөө илгээхээр төлөвлөж байна.

 

Саранд хүрсэн дөрөв дэх улс болохын тулд Израйль “Beresheet” гэх хөлгөө өнгөрөгч хоёрдугаар сарын 22-нд Флоридагийн Канавералын хошуунаас “SpaceX” компанийн “Falcon 9” пуужинд тээвэрлэн хөөргөсөн юм. Тус хөлгийг бүтээх нийт зардал болох 100 сая ам.долларыг хувийн хэвшлийнхэн цуглуулсан ажээ. “Beresheet хөлөг сарын өмнө анхны селфи зургаа эх дэлхий рүү илгээсэн ч өчигдөр гол зорилгоо биелүүлж чадаагүй гэнэ.  Хөлөг сарны гадаргуугаас хэдхэн км-ийн өндөрт байхад гэнэт гол хөдөлгүүр нь ажиллахаа больжээ. Хөлөг сарны татах хүчийг сааруулж чадалгүй осолдсон байна. Ийнхүү Израйлийн саранд хүрэх мөрөөдөл замхарч, нутаг нэгтнүүдээ гонсойлгов.

 

Ганцхан өдрийн дотор бүхнээ алдсан ЕРӨНХИЙЛӨГЧ

 

 

Сансар судлалын түүх нэг шат ахиж буй энэ чухал үетэй зэрэгцэн Африкийн Судан улсад төрийн эргэлт болж, 1989 оноос хойш тасралтгүй төр барьсан Ерөнхийлөгч Омар аль Баширыг суудлаас нь түлхэн унагааж, баривчилсан үйл явдал боллоо. Ийнхүү Ерөнхийлөгч ганцхан өдрийн дотор бүхнээ алдав.

 

Тус улсад өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас иргэд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, олон хотноо жагсаал цуглаан зохион байгуулсан ба эцэстээ уг жагсаал цус урсгасан тэмцлээр солигдсон юм.

 

Суданы анхны Дэд ерөнхийлөгч Авад бен Ауф болон Батлан хамгаалахын сайд дээрх төрийн эргэлтийн гол зохион байгуулагчид ба тэд цэргийн зөвлөлтэй хамтран төрийн эрхийн нэг жилийн хугацаатай авахаар болсон байна.

 

Ногоон дуулгатай цэргийнхэн нийслэл хотноо эрхээ тогтоож, хяналтадаа авчээ. Мөн нийгмийн сүлжээнд хяналт тогтоосон талаар “AFP” агентлаг мэдээллээ.  Мөн Суданы агаарын зам 24 цагийн хугацаанд хаагдаж буй Батлан хамгаалахын сайд онцолжээ.

 

АНУ дахин Ассанжаас айх шаардлагагүй боллоо

 

 

“WikiLeaks” сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг өчигдөр Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас албадан баривчлав.

 

Тэрбээр 2012 оноос хойш ЭСЯ-нд амьдарсан юм. Их Британийн шүүх түүнийг “Челси Манингтай хуйвалдаж, Пентагоны компьютерын нууц кодыг задруулсан хэмээн яллах”-аар болжээ. Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено түүнийг олон улсын гэрээ конвенц болон өдөр тутмын протоколыг удаа дараа зөрчсөн хэмээн үзэж улс төрийн орогнолыг нь цуцалсан байна.

 

Уг шийдвэрийн дараахан Скотланд Ярдын цагдаагийн ЭСЯ-ын байр руу нэвтэрч, Ассанжийг хүчээр баривчилан явжээ. 

 

Британийн тал Ассанжийг “заналт дайсан” нь болох АНУ-д шилжүүлэн өгөхөөр төлөвлөж буй бөгөөд тэрбээр АНУ-д очвол бүх насаа шоронд өнгөрүүлэх эрсдэлтэй байна. Учир Ассанж сайтынхаа тусламтай АНУ-ын нууцад хамааралтай нууц материалуудыг дэлгэсэн юм. Хэдэн жилийн өмнө тэрбээр “АНУ дэлхийн удирдагчийн утасны яриаг чагнадаг болох”-ыг баримтаар нотолсон юм. Ийнхүү дипломат бүсэд зургаан жил аюулгүй аж төрсөн Ассанжийг хүндхэн хувь тавилан хүлээж байна. Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Долоон жил нуугдсан Ассанжийг өнөөдөр баривчиллаа. Энэхүү баривчилгаа АНУ-ын хүсэлт дор явагдсан” гэж мэдэгджээ.

 

Ким Чен Уны ШУЛУУХАН мэдэгдэл

 

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр улс орныг нь ганцаардуулах, хүчгүйдүүлэх зорилгоор эдийн засаг болон бусад хориг арга хэмжээ авсан гадаадын орнуудын эсрэг хатуухан мэдэгдэл хийлээ.

 

Тэрбээр “Хориг арга хэмжээгээ нэн даруй цуцлахгүй бол бид та бүхний эсрэг бүх хүчээ дайчилж, хамгийн хатуу, ширүүн хориг тавих болно. Мөн хариу цохилт өгөх болно” гэж сүрдүүлгийн мэдэгдэл хийв.

 

Тус улс 2017 онд зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсний дараахан НҮБ, болон барууны орнууд Хойд Солонгосын эсрэг түүхэнд байгаагүй хамгийн хатуу гэгдэх хоригийг тавьсан юм.

 

Мөн НҮБ болон АНУ дарамтлах замаар Хойд Солонгосоос холбоотон орнуудыг  нь холдуулж, дэмжлэг үзүүлсэн тохиолдолд хориг тавихаа сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин