Х.Баттулга: Монголчууд эвлэн нэгдэх аваас хүссэн зорьсноо биелүүлдэг ард түмэн
4-15

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хан-Уул дүүргийн VIII хороонд баригдаж буй өвлийн спортын “Мөсөн ордон”-ы шав тавих ёслолын арга хэмжээнд хүрэлцэн очлоо.

 

Шав тавих ёслолын эхэнд бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж буй “Степпа Арена” компанийн удирдлагууд өвлийн спортын ордныг 16 сарын дотор ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллана гэсэн бөгөөд байгууламжтай холбоотой зарим мэдээллийг өгсөн юм.

 

Тухайлбал, энэхүү ордонг:

 

  • 5700 м.кв ашиглалтын талбайтай,

  • 2600 хүртэлх үзэгчийн суудалтай,

  • Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай,

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай

  • Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй,

  • Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар төлөвлөжээ.

 

Энэхүү төлөвлөгөө, барилгын зураг төслийг дотоодын “Анаграм” ХХК, Канадын HDR/CEI, болон VDA компаниудтай хамтран Олон улсын хоккейн холбооны заавар, зөвлөмжийг баримтлан боловсруулсан байна.

 

Өвлийн спортын ордны танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүтээн байгуулалтыг цаг, хугацаанд нь багтаан дуусгах ёстойг онцлон хэлээд шав тавих ёслолын арга хэмжээнд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчдөд хандан үг хэлэв.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

 

 

“Хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хоккейн спорт өндөр хөгжсөн улс, орнуудын Элчин сайд нар, дотоодын компаниудын төлөөлөл болон олон иргэн мөсөн ордны шав тавих ёслолд хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд баярлалаа.

 

Монголчууд бид эвлэн нэгдэх аваас хүссэн зорьсноо биелүүлдэг ард түмэн гэдгээ олон зүйлээр батлан харуулдаг нэгэн жишээ, үлгэр авахуйц ажил бол энэхүү “Мөсөн өргөө”-г бүтээн байгуулахаар хөрөнгө мөнгө, хүч чадлаа нэгтгэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдийн шийдвэр юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадам болно. Мөн 2023 оны Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болно. Эдгээр спортын наадмуудад зориулсан бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг нь энэхүү “Мөсөн өргөө” юм.

 

Мөн 50 метрын урттай усан бассейн, 10 мянган хүний суудалтай стандарт хангасан хөлбөмбөгийн талбай баригдана. Энд мөн та бүхний мэдэж байгаачлан “Буянт-Ухаа” спорт цогцолбор бий. Тиймээс гадна, дотноос ирсэн тамирчдыг байрлуулах зочид буудал хэлбэрийн орон сууцыг ч гэсэн шийдсэн гэдгийг давхар хэлье. Үе, үеийн хүүхэд залуус, тамирчдын хүсэл мөрөөдлийг өөртөө шингээж байгаа цогцолборууд, ялангуяа “Мөсөн өргөө” цаг хугацаандаа баригдаасай гэж дахин хүсэж байна.

 

Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэх юм байна. Тиймээс Засгийн газар өсвөр үе, хүүхэд залуусынхаа ирээдүйд онцгой анхаарч тодорхой шийдвэр гаргана байх гэдэгт итгэж байна.

 

Задгай талбайд бэлтгэл хийж Азийн цомын тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн хоккейчиддоо мөн энэ өдөр баяр хүргэмээр байна. Бид зориулалтын битүү дээвэртэй ордонтой болсны дараа Азийн болон бусад том тэмцээнийг эх орондоо хүлээн авах боломжтой болно. Мөн энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Хоккейн шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн, уран гулгалтын шинэ үеийн төлөөлөл болох Г.Марал-Эрдэнэ нар энэхүү мөсөн ордон нь урам зориг өгч байгаа талаар сэтгэгдлээ хуваалцаж, хоккейн спорт, уран гулгалтаар хичээллэж байгаа сурагчид үзүүлэх тоглолт үзүүллээ.

Shuud.mn
Сонин хачин
asd:
shaa
2019-04-15
Хокей бол монголчууд амжилт гаргаж магадгүй спортын төрөл шүү дээ.
2019-04-15