Порошенкогийн гол өрсөлдөгч халз мэтгэлцээндээ ирсэнгүй
4-15

Украин улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт өнгөрөгч сарын 31-ний өдөр болж өндөрлөсөн билээ.

 

 

Ерөнхийлөгчийн төлөө 39 нэр дэвшигч нэр дэвшсэн билээ. Гэхдээ эхний шатны санал асуулгаар өнөөгийн Ерөнхийлөгч Петро Порошенко болон хошин урлагийн жүжигчин Владимир Зеленский нар хамгийн олон санал авч, жинхэнэ тулаанд тунаж үлдсэн юм.

 

Сонирхолтой нь 41 настай Владимир Зеленский 30.5 хувь, Порошенко 17.8 хувийн зөрүүтэй санал авсан нь олныг гайхшруулсан гэхэд болно. 

 

Украинчууд ийнхүү улс төрийн туршлага багатай эрхмийг гол тулаанд үлдээсэн шалтгаанаа "Нэгэн хэвийн улс төрийн амьдралаас олон нийт залхаж байна. Владимир Зеленский их эерэг, гэгээлэг хүн. Улс төрчдийг үзэн ядах хандлага нийгэм даяар газар авсан. Энэ бүх сөрөг уур амьсгалын гадна Владимир Зеленский оршин байдаг" гэцгээжээ.

 

Тэгвэл иргэдийн хамгийн их анхаарлыг татаж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нэр дэвшигчдийн  анхны халз мэтгэлцээн өчигдөр зохион байгуулагдах байсан ч иргэдийн дэмжлэгийг аваад буй Владимир Зеленский ирээгүй байна.

 

Халз мэтгэлцээн хуваарийн дагуу өчигдөр 20.00 цагт нийслэл Киев хот дахь 70 мянган суудалтай "Олимпийский” цэнгэлдэхэд болох байв.

 

Харамсалтай нь Порошенко ганцаараа ирж, өрсөлдөгчөө хэсэг хугацаанд хүлээсэн боловч Владимир Зеленский хүрэлцэн ирээгүй аж.

 

Порошенко "Тэр халз мэтгэлцээнээс айж байгаа бол жинхэнэ тулаанд хэрхэн оролцох билээ" гэж өрсөлдөгчөөрөө даажигнасан байна. 

 

Ерөнхийлөгч өрсөлдөгч нь мэтгэлцээнд ирээгүй ч уг эфирийн цагийг үр дүнтэй өнгөрүүлж, цаг орчим танхимд цугларсан иргэдийн асуултад хариулжээ. 

 

Владимир Зеленский халз мэтгэлцээнд ирээгүй шалтгаанаа "Санал зөрчилдсөн. Түүнээс эмээсэн зүйл алга. Халз мэтгэлцээн энэ сарын 19-нд болно" гэж мэдэгдлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин