Дордуулсан долоон өөрчлөлтийг буцаан татах уу?
2019-04-15

Хаврын чуулганы эхэнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлэг сонсож, цаашид зарим зүйл дээр чиглэл өгөөд байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж, зөвлөмж хүртэл гаргаад амжсан. Өнөө ч энэ ажлын хэсгийнхэн судалгаагаа хийсээр байгаа. Харин Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар олон нийт  мэдээлэл бүрхэг байгаа нь үнэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хүрээнд Зөвлөлдөх уулзалтаас гарсан зөвлөмжөөр Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, Шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах,  Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд судлагдаж байгаа билээ.

 

Ингэхдээ 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг эргэж харна гэдгээ ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан онцолж байсан. Үндсэн хуульд Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа 50-иас доошгүй өдөр чуулж байх” өөрчлөлт оруулжээ. УИХ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд дээрх өөрчлөлтийг буцаан, 75-аас доошгүй өдөр чуулдаг байхаар зохицуулалт хийгдэхээр төсөлд тусгаад байгаа аж.

 

Үнэхээр чуулганы үйл ажиллагаа гацаж, хэлэлцэх асуудал хойшлохын хэрээр завсарлах хугацааны өмнөх өдрүүд болон хугацаа тулсан өдөртэйгээ давхцуулан хуулийг бөөндөж төрүүлсээр ирсэн. Хамгийн сүүлийн жишээгээр өнгөрсөн намрын чуулган 50 орчим хоног гацаж, энэ хэрээр хуулийн хугацаатай тогтоол, төслүүдээс бусад асуудал хэлэлцэгдэлгүй хойшилж, дараагийн чуулганд шилжүүлсэн. Хэдийгээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан ч баталсан хууль, тогтоомжууд  улс төрийн шинж агуулсан эсвээс ирэх оноос хэрэгжих заалттай байсан нь үнэн. Тухайлбал, Баталсан өдрөөс нь мөрдөх Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулиар ҮАБЗ-ийн эрх хүрээг нэмэгдүүлж, АТГ-ын дарга, шүүгч, прокурорын удирлагуудыг  ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хугацаанаас нь өмнө чөлөөлж болохоор тусгасан. Хууль батлагдсанаар дээрх салбаруудын удирдлагуудыг чөлөөлж, томилох асуудал үргэлжилж байгаа.  Харин жил гаруйн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Татварын багц хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан ч 2020 оноос хэрэгжүүлэх заалттай. Тиймээс ээлжит бус чуулганаар цаг тулсан нийгмийн хүлээлтэд гарц, шийдэл гаргаагүй гэдгээ энэ парламент гадарлаж л байгаа байх. Юутай ч байнгын үйл ажиллагаатай парламентын “ажлын өдөр”-ийг сунгах нь аль ч талаасаа үр дүнтэй шийдэл болох биз.

 

Мөн Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Үндсэн хууль бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганы хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуулыг шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулсан байдаг. Үүнийг мөн өмнөх заалтаар нь өөрчилж, чуулганы үйл ажиллагаандаа гишүүд идэвхтэй оролцож, асуудлыг олон талаас нь хэлэлцүүлдэг байх хэрэгтэй гэж судлаачид үзэж байгаа юм. Өөрчлөлт оруулсан заалтаар өнөөдөр гишүүдийн 50+1 хувийн ирцтэйгээр чуулган, байнгын хорооны хурал явагдаж байгааг судлаачид төдийгүй олон нийт ч шүүмжилдэг. Тэгээд ч гишүүд олуулаа хэлэлцэж байж л цоорхой хууль батлахаас сэргийлж чадна, хэн нэгнийх нь лобби орчихгүй бол. Парламентад сонгогдох гэж УИХ-ын сонгуулиар амь тэмцэн өрсөлддөг хэдий ч сонгогдсон хойноо хууль боловсруулах үндсэн ажлаас зугатдаг гишүүд аль ч парламентын үед байсаар ирсэн. Тэр дундаа хуралдааны ирцийн босгыг намсгаснаар парламентын үйл ажиллагаа идэвхжээгүйгээс гадна хойрго гишүүдийг улам давраасан заалт болсон нь хууль хэрэгжсэн өнгөрсөн 20 орчим жилийн хугацаа харуулсан.

 

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа өмнө нэмэлт өөрчлөлтийг ямартай ч “засварлах”-аар төсөлд тусгасан байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн үйл ажиллагага эрчимжүүлж, ойрын хугацаанд төслөө дахин танилцуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг чиглэл өгсөн байна лээ. Гэхдээ нөгөө талаас  УИХ-д МАН үнэмлэхүй олонхи хэдий ч дотроо хагаралтай байгаа, дараагийн сонгуулийн жил дөхсөн энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зохимжгүй гэж үзэх гишүүд ч бий.

 

Ямартай ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх эсэхээс үл хамаарч, эцсийн дүндээ ард түмний санал асуулгаар шийдэх юм.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Г.Мухулай:
Эхнээсээ хувийн эрх ашиг харж буруу юм хийсэн хумуус их л оройтож улс оронд улэмж хохирол учруулж байж сэрж байна даа!! Даруй буцаан татах хэрэгтэй. Лундээ , Нямдорж мэт юу хийснээ хулээн зовшоорох дургуй л байна даа. Унэнд гуйцэгдэнэ гэдэг дээ!
2019-04-15