Татан буулгах шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч дангаар гаргадаггүй
2019-04-15

Гэрэл зургийг MPA.mn

 

"Капитал" банкийг татан буулгах шийдвэр гаргасан болон цаашид авах арга хэмжээний талаар Монголбанкнаас хэвлэлийн бага хурал хийлээ. Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан:

 

-Монголбанк уг банкны үйл ажиллагааг хэвийн болгохын тулд шаардлагатай арга хэмжээг авсан. Хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь өгч ажиллаж ирсэн. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт Монгол Улсын банкны салбарын үйл ажиллагааг бэхжүүлэх гол зорилт байсан. Активын чанарын үнэлгээ хийсэн. Бүх банкуудаас бизнес төлөвлөгөө авсан. Бүх банкуудад тэгш боломж олгохын тулд 2018 оны эцэс хүртэл хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

 

2018 оны эцэст тус банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг биелүүлж чадаагүй. Төлбөрийн чадваргүй гарсан учраас Монголбанк татан буулгах үйл ажиллагааг эхлүүлсэн.

 

Монголбанкны Газрын захирал Г.Мөнхбат:

 

-Нөхцөлт удирдлага, Бүтцийн өөрчлөлт, Татан буулгах гурван хувилбар байдаг. Бид хувилбар тус бүрийг авч үзээд Татан буулгах хувилбарыг авсан. Нөхцөлд удирдлагын хувилбарын тухайд Капитал банкны чанаргүй зээл 80 хувьд, өөрийн хөрөнгө нь 279 тэрбумаар алдагдсан тул цаашид банкны хэвийн үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бүтцийн өөрчлөлт авч Тусгай төлөөлөгч томилох хувилбарт хуулийн заалт байдаг. Энэ нь төлбөрийн чадваргүй болсон, өр төлбөр нь активаас хэтэрсэн, нийтийн эрх ашгийг хангасан гэсэн заалт байдаг. Нийтийн эрх ашгийг хангах заалтаар төрөөс хамгийн бага зардал гаргах шаардлагатай байдаг. Капитал банкны тухайд төрийн зардлыг багасгах боломжгүй учир эрх хүлээн авах шийдвэрт хүрсэн.

 

Монголбанкны Хууль, эрхзүйн газрын захирал Д.Аюуш:

 

-Банк татан буулгах шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч дангаар гаргадаггүй. Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр албадлагын арга хэмжээ нь Банкны хяналтын шалгалтын хороогоор шийдвэрлэгддэг болсон. Энэ хорооны хурлаас санал нэгтэйгээр татан буулгахаас өөр гарц байхгүй гэж мэргэжлийн газруудаас оруулж ирсэн. 

 

Эрх хүлээн авагч н.Адилбиш:

 

-Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. ХЗДХЯ, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл орсон.  Банкны эрх хүлээн авагч нь хуулийн дагуу банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах этгээдийн хүлээн авах хугацааг тогтоосон мэдэгдэл гаргагаж олон нийтэд мэдээлэх ёстой хэмээгээд мэдэгдлийг танилцууллаа.

 

Мэдэгдэлд “Банкин дахь мөнгөн хадгаламжийн хуулийн дагуу Капитал банкин дахь хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн даатгагдсан мөнгөн хөрөнгийн даатгалын мөнгийг Хаан банкаар дамжуулан олгох ажил хийгдэж байна.

 

20-оос сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигчид болон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг Банкны хуулинд заасны дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ноос зургадугаар сарын 20-ныг хүртэл 60 хоногийн хугацаанд хүлээж авна. Эрх хүлээн авагч нь нэхэмжлэл авах хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор шаардлагын хэмжээг тогтоож, баталгаажсан талаар мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч ажиллана. Нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байгаа тохиолдолд татгалзаж, нэхэмжлэлийн дараалалд оруулахгүй байхыг анхаарна уу. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны данс мэдээллээс зөрвөл, хууль зөрчиж хийгдсэн зэрэг тохиолдолд нэхэмжлэл хүлээж авахгүй. Нэхэмжлэлийг Улаанбаатар хотод Капитал банкны байранд өөрийн биеэр,  орон нутагт нэхэмжлэл гаргагч нь шуудангаар эвсэл тухайн орон нутаг дахь Монголбанкны салбараар гаргаж болно” гэжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
сайн ажиллаж сайн шалгаж байсаны чинь үр дүн энэ үү.
2019-04-16
Санал:
Ундармаа, Алтжин нарыг шалгаж Монголбанкны Баяртсайханыг огцруулах хэрэгтэй
2019-04-15
zochin:
Монгол банкныхан болимоор юм. Өчнөөн жил юугаа шалгаж байсын. Гэнэт нэг өдөр пампуурна гэж юу байсын.Жил бүр орж ажиллаж байсан аудитын компаниуд юугаа шалгаж байсан. Шалгалт хийж байсан бүх ажилтнуудыг хорьж шалгах хэрэгтэй.
2019-04-15