Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 509 сая төгрөгийн хохирол учирчээ
2019-04-16

ЦЕГ, МХЕГ, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, ховор ургамал, зэрлэг ан амьтны эд эрхтний хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны ажил явагдах аж.

 

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас Байгаль орчны хяналт гэсэн сарын аяныг зохион байгуулж буй аж. Тус аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль журам таниулах ажлыг хийж байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 онд ойн хуулийн хүрээнд 268 зөрчил илрүүлж, 233-ыг арилгуулсан байна. Энэ хүрээнд 231 метр куб мод хурааж, 25 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Мөн 27 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, 5 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна.

 

Харин цагдаагийн байгууллага 2019 оны нэгдүгээр улиралд хүрээлэн буй орчны эсрэг 140 хэргийг шалгажээ. Үүнээс 76 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн улмаас 509.6 сая төгрөгийн хохирол учирснаас 59.3 хувийг нь нөхөн төлүүлж, 263 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэдгийг Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг хэллээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин