Б.Бат-Эрдэнэ: Аминд тулсан асуудлыг хойшлуулахгүй хэлэлцэж өгөөч
2019-04-18

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

 

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр "Улс орон хуурайшилт, цөлжилт маш хүнд байдалтай байна. Үүнийг хойш тавьж, хайхрахгүй өнгөрч болохгүй. Тиймээс яг энэ цаг үед анхаарч үзээч. Орон нутагт иргэдтэй уулзахаар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгааг хэлж байна. Бид жил гаруйн хугацаанд томилгоо ярилаа. Өнөөдөр амьдралд тулгамдаж байгаа хаваржилт, зуншлагатай холбоотой, хөдөөгийн иргэдтэй холбоотой асуудлыг УИХ яаралтай хэлэлцэж, Засгийн газар чиглэл өгч ажилламаар байна. Миний ярьж байгаа энэ асуудал Хэнтий аймгийн хэдэн сумд тохиолдсон асуудал биш. Улс орон даяар тохиолдож байгаа. Хуурайшилт, цөлжилттэй холбоотой асуудлаар асуулга тавихаар цаг хугацаа нь өнгөрч яригддаг. Энэ аминд тулсан асуудлыг баасан гаригийн хуралдаанд оруулж өгөөч" гэлээ.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн үгийн дагуу асуулгын хариу өгөхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарыг мэдээлэл бэлдэж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.

 

Чуулганы хуралдаанаар зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин