Шуудангийн үйлчилгээ суманд асуудалтай байдаг
2019-04-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Б.Ундраа:

 

-Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Шуудан, харилцааны хүртээмжийг сайжруулах үүднээс хийх ёстой чухал ажлын нэг энэ мөн. Би тойргийнхоо нийт сонгогчдод хүрэхийн тулд шуудангаар мэндчилгээ хүргүүлэхэд 70 гаруй хувьд нь хүрсэн байлаа. Мөн хаяг дээрээ бүртгэлтэй хүмүүс бага байна. Энэ утгаараа хаягийг жигдэлж, төрийн үйлчилгээг бүрэн хүргэх бололцоог хангаж өгөх үүрэгтэй. Хаяжгилт, бүртгэл хэр сайн байдаг вэ?

 

ХХМТГ-ын дарга н.Чинбат:

 

-Хаягжилтын асуудал тулгамдаж байгаа. Бид ажлын хэсэг байгуулж ажилласан. Үүнд хаягжилтад хууль, эрхзүйн орчныг нь тодорхой болгож өгөх ёстой. Давхардуулж хаяг өгөөд байгаа зүйл ажиглагдсан. Тэгэхээр хаягийн мэдээллийг холбогдох байгууллагууд солилцох өгөгдөл солилцооны системтэй болгох асуудлыг тусгаж өгсөн. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Монгол Улс дэлхийн шуудан холбооны гишүүн байснаар ямар үүрэг хүлээдэг вэ? Нэмэлт протоколыг соёрхон баталснаар ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ. Ямар давуу тал байх вэ? Дотоодын шуудан харилцаа ямар байгаа билээ. 

 

ХХМТГ-ын дарга н.Чинбат:

 

-Монгол Улс Дэлхийн шуудан холбоонд 1969 онд элссэн байдаг. Олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа төлбөр, хураамж, төслүүдэд хамрагдах, боловсон хүчнийг чадавхижуулах давуу тал, үр дүнтэй. Протокол соёрхон баталснаар хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрт хамрагдах давуу тал бүрдэнэ. 

 

ХХМТГ-ын ахлах мэргэжилтэн н.Баярсайхан:

 

-Өнөөдрийн байдлаар монгол улсын шуудангийн хүрэлцээ нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан гэдэг ч суманд асуудал үүсдэг. Гэсэн хэдий  бид цаг тухайд нь шуудангаа хүргэдэг. Үүнд сумдын Засаг дарга нар дэмжлэг үзүүлдэг. Энэ протоколд элссэнээр дотоодын шуудан холбооны санг бүрдүүлэх боломжтой. 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

 

-Засгийн газарт ажлын хэсэг байгуулаад  бодлогын баримт бичгүүдийг нэгтгэн дүгнэж, төрөлжүүлж байгаа. 517 бодлогын баримт бичиг УИХ, Засгийн газраас батлагдсан байгаа. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар  Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 52:4 хувийн саналаар  Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийг баталлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин