Эзэн хаан Акихито 12 өдрийн дараа хаан сэнтийгээс бууна
2019-04-18

Японы эзэн хаан Акихито болон хатан Мичико нар өнөөдөр "Шинто" шашны сүмд мөргөл үйлдсэн талаар "www.japantimes.co.jp" сайт мэдээллээ.

 

 

Эзэн хаан "Шинто" шашны дээд бурханд мөргөж, удахгүй хаан ширээнээс буух хүсэлтээ түүнд уламжилжээ.

 

Өдгөө 85 настай эзэн хаан энэ сарын 30-ны өдөр хаан сэнтийгээс албан ёсоор бууж, маргааш өдөр нь түүний ууган хүү, угсаа залгамжлах ханхүү Нарухито хаан ширээнд залрах билээ.

 

Эзэн хаан 2016 онд эрүүл мэндийн улмаас дахин хааны албыг хаших боломжгүй гэдгээ илэрхийлэн, хаан сэнтийгээс өөрийн хүсэлтээр буух хүсэлтээ албаныханд гаргасан юм.

 

Сүүлийн 200 жилийн хугацаанд эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээнээс татгалзсан тохиолдол байхгүй байна.

 

 

Хаан ширээнээс татгалзах үе шатуудын эхний алхам Мие мужийн Исэ сүмд зохион байгуулагджээ. Исэ сүмд "Шинто" шашны шүтээн болох нарны бурхан Аматерасугийн тахил бий. Эзэн хаан 2014 оны гуравдугаар сард тус сүмд очин, мөргөл үйлдэж байв. Акихито 1989 оны нэгдүгээр сард хаан ширээнд заларсанаасаа хойш тав дахь удаагаа тус сүмд зочилж байна. 

 

Акихито уг ёслолд зориулан нийслэл Токио хотноо байрлах ордноосоо эзэн хааны хоёр илдийг авчирчээ. Харин хаан ширээнд залах ёслолын үеэр шинэ хаанд очих  гурав дахь эрдэнэ буюу үнэт чулуу тус сүмд хадгалагддаг. 

 

Шинэ хаан залах ёслолын үеэр  эзэн хаан  ууган хүү Нарухитод уг гурван эрдэнийг өгснөөр бүх эрх мэдлээ шилжүүлж өгч буй хэрэг аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин