Шри Ланкт цуврал халдлага болж, 200 хүн амиа алджээ
2019-04-22

Шри Ланк улсад энэ амралтын өдөр орон даяар цуврал халдлага болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Халдлагаар амиа алдагсдын тоо хэдийнэ 200-ыг давсан талаар албаныхан уламжлав

 

 

Тус улс дахь хэт үндсэрхэг үзэлтнүүд христийн шашинтнууд болон жуулчид, гадаадын иргэдийн эсрэг чиглэсэн томоохон алан хядах ажиллагаа зохион байгуулсан гэнэ. 

 

Өчигдөр Христийн мэндэлсэн "Улаан өндөгний баяр"-ыг дэлхий дахинаа тэмдэглэсэн билээ. Энэхүү баярыг Шри Ланкт тэмдэглэж байхад эхний халдлага гарчээ.

 

Их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг баяр болж байсан сүмээс холгүй дэлбэлсэн нь олон хүн амиа алдахад хүрчээ.

 

Нийт зургаан дэлбэрэлт болсон ба гурав нь христийн сүмд болсон бол үлдсэн гурав нь нийслэл Коломбо хот дахь жуулчдын өргөнөөр үйлчлүүлдэг гурван зочид буудлуудад болсон байна. 

 

Шри Ланкт улсад 2009 онд иргэний дайн дуусгавар болсон юм. Дайнаас хойш тус улсад ийм олон хүний аминд хүрсэн томоохон хэмжээний халдлага болоогүй билээ. Эрх баригчид орон даяар онц байдал зарлажээ. 

 

Гарч болзошгүй эрсдлээс хамгаалан хамгийн их хэрэглэгчидтэй "Facebook", "WhatsApp" сүлжээг хаасан байна. 

 

Шри ланкчуудын 70 хувь нь буддын шашинтан бол 13 хувь нь исламын шашинтай аж. Харин сүүлийн хэдэн жил тус улсад христийн шашин хүчээ авч, олон сүм баригдах болсон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин