Туркийн сөрөг хүчний тэргүүн иргэдийн дайралтад өртжээ
4-22

Туркийн сөрөг хүчний удирдагч өчигдөр 15.00 цагийн орчимд нийслэл Анкара хотын төвд байрлах цэргийн албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд оролцохоор ирэх үедээ иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

"Бүгд найрамдах ардын нам"-ын дарга Кемаль Киличдароглу хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр явж байхад нь иргэд гэнэт халдаж, хувцаснаас нь татаж, хэл амаар доромжилжээ. 

 

Хэсэг иргэн Кемаль Киличдароглуг цохихыг завдсан ч бие хамгаалагчид нь аюулгүй болгосон гэнэ. Уг үйл явдлыг гэрчилсэн дүрс бичлэгүүд нийгмийн сүлжээгээр цахилгааны хурдаар тарсан байна. 

 

Иргэдийн уур хилэн дээд цэгтээ хүрсэн байсан учир даргын аюулгүй байдлын улмаас Туркийн Аюулаас хамгаалах хүчний ажилчид түүнийг өндөр хамгаалалттай ойролцоох байшинд байршуулсан байна.

 

Түүний хэвлэлийн төлөөлөгч "Арга хэмжээний үеэр дарга руу иргэд дайрсан нь үнэн. Уг үйл явдлын үеэр түүний биеийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэх нь тодорхойгүй байна. Дарга руу дайрсан иргэдийг хуулийн дагуу шалгах болно" гэж хэвлэлийнхэнд мэдэгджээ. 

 

Киличдароглу Иракийн хилийн ойролцоо болсон Туркийн цэргийн албан хаагчид болон Курд босогчдын хоорондох мөргөлдөөний үеэр амиа алдсан цэргийн албан хаагчийн оршуулах ёслолд оролцсон нь иргэдийг дургүйцүүлсэн гэнэ. 

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган,  эрх баригч  Шударга ёс, хөгжлийн намынхан болон Туркийн үндсэрхэг үзэлтнүүд Киличдароглу болон түүний холбоотнуудыг Курдуудыг дэмжиж, алсаас санхүүжүүлдэг хэмээн буруутгаж ирсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин