Хуурамч хаягаас хүний нэр төрд халдах асуудлыг яаж хянах вэ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Мэдээллийн аюулгүй байдлын хууль гэж орж ирэх үү. Сошиалыг бүх орнууд аюулгүй байдалтай холбоотой хязгаарладаг.
ХХМТГ-ын дарга н.Чинбат:
-Хууль тогтоомжийн хуулийн дагуу тандалт судалгаа хийсэн. Манай газрын технологи байнга өөрчлөгдөж байдаг. МХЕГ манай салбарын байцаагч байдаг. Гэхдээ хуулиндаа тусгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль Засгийн газарт боловсруулагдаж байгаа. Яамдаас санал авч байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын хуулиар цахим халдлагатай тэмцэх төв байгуулна. Утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажил явагдаж байгаа. Хүүхэд хамгааллын чиглэлээр гар утасны дугаарыг бүртгэлтэй болгохоор болсон.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Сошиалтай холбоотой хуулийн төслийг хэдий хугацаанд оруулж ирэх вэ? Хуурамч акаунтаар буруу мэдээлэл цацдгийг хязгаарлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
-Бид суурь хуулиа боловсруулж байна. Мэдээлэл аюулгүй байдлын асуудал салбар хуулиар зохицуулагдана. Домэйн орчин, үүрэн телефоны хэрэглэгч нарыг иргэний бүртгэл мэдээллийн холбох юм.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Хуурамч хаягаас хүний нэр төрд халдах асуудлыг яаж хянах вэ? Хувийн компани хувийн дататай болчихсон байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Фэйсбүүк компанийн Азийг хариуцсан захирал ирсэн. Тэр хүнтэй та бүхэн ярилцсан уу. Ялангуяа сургуулийн насны хүүхдүүд бие биенээ доромжлох, нэгнээ ганцаардуулж байна. Үүрэн телефоны операторуудтай хариуцлага тооц.
ХХМТГ-ын дарга н.Чинбат:
-Шилэн кабельд холбогдоогүй 11 сум үлдэж байна. Энэ жил дахиад 7 сумыг төсвийн хөрөнө оруулалтаар долоон сумыг шилэн кабельд холбоно. Мөн хилийн боомтуудыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр холбохоор байгаа.
Оператор компаниуд дээр бүртгэлгүй дугаар олгохыг зогсоосон. Бүртгэлтгүй байсан дугаараа яах вэ гэсэн асуудал гарсан. Бүртгэлтгүй 42 мянган дугаар байгаа. Фэйсбүүкийн зочид төлөөлөгчид манай агентлагийн урилгаар ирж, холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзана. Ингэхдээ шууд харилцах сургалт хийх юм.
Бид Солонгостой хамтарч ажиллаж, Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний төвийн төслийн ажлаа эхлүүлнэ. Нийт 8 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд энэ төвийн тоног төхөөрөмж, программ хангамж хийгдэнэ.
Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы хуралдаанд шилжүүлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ