Жяан Паскал Нганоу: Эдийн засагт санхүүгийн системийн тогтвортой байдал хамгаас чухал
2019-04-24

Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд ахлах эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор, ноён Жяан Паскал Нганоутай ярилцлаа.

 

 

АКТИВЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ МОНГОЛЫН БАНКНЫ САЛБАРТ ЭРГЭЛТИЙН ЦЭГ БАЙСАН

 

-Эдийн засагт санхүүгийн системийн тогтвортой байдал хамгаас чухал. Монголын санхүүгийн системийн тогтвортой байдал ямархуу байна вэ?


-Монголын санхүүгийн зах зээл сүүлийн хэдэн жил нэлээд өргөжиж байгаа надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тухайлбал, дэлхийн банкны Глобал Финдекс Мэдээллээс харахад (Global Findex Database), 15-аас дээш насны иргэдийн 92 хувь банкинд данстай байгаа юм. Гэсэн ч Монголын санхүүгийн зах зээл банкны салбараас хэт хамааралтай хэвээр байгаа бөгөөд аж, ахуй нэгж, иргэдийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь банкны зээл хэвээр байгааг санах хэрэгтэй. 

 

Төвбанк банкны салбарын хяналт, шалгалтын гол бөгөөд мэргэшсэн байгууллагын хувьд үйл ажиллагаа нь доройтсон банканд шаардлагатай арга хэмжээг авсан. 

 

Өнгөрсөн 2013-16 онуудын хооронд санхүүгийн зах зээлийн эрсдэл нэлээд нэмэгдсэн бөгөөд банкууд зээлээ бууруулах, эрсдэлгүй актив болох ЗГҮЦ-ыг ихээр худалдаж авч байсан ажиглагддаг. Нөгөө талдаа иргэд, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэр буурсныг илтгэсэн. Мөн түүнчлэн, тухайн хугацаанд хувийн салбарын ихэнх зээл орон сууцны зээл байсан бол сүүлийн жил гаруй хугацаанд хэрэглээний зээлийн хэт олголтоос шалтгаалж байна.

 

Энэ нь хувийн салбарт очиж буй зээлийн хүртээмж бага байсныг харуулж байна. Хэрэглээний зээл (цалин, орон сууц, бусад хэрэглээний зээл) нийт зээлийн 50 орчим бүрдүүлж байгааг анхаарах хэрэгтэй. Нийт бүртгэлтэй аж, ахуй нэгжийн бараг 90 гаруй хувь жижиг, дунд үйлдвэрлэл байгаа өнөөгийн нөхцөлд тэдгээр нь үйл ажиллагаагаа өргөтгөх санхүүгийн хүртээмж хангалттай бус хэвээр байгааг санах хэрэгтэй. Үүнийг банкуудаас шаардаж буй барьцаа хөрөнгө өндөр, зээлийн өндөр хүү болон зээлийн хугацаа богино байгаатай голлон холбон тайлбарлахаар байгаа юм. 

 

2013 оны Монголын аж, ахуй нэгжүүдийн судалгаанаас үзэхэд асуулгад оролцсон аж, ахуй нэгжүүдийн 31.7 хувь санхүүжилтийн асуудал тэдгээрийн бизнесийн хамгийн гол хүндрэл болж байна гэж хариулсан нь Зүүн Ази, Номхон Далайн бүс орнуудын дундаж болох 11.3 хувьтай харьцуулахад нэлээд өндөр байгаа юм. Бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад Монголын банкуудын хүү харьцангуй өндөр байгаа ч банкуудын зээлийн чанар сүүлийн жилүүдэд нэлээд муудаад байна. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 

 

  • 2014 онд 3 хувиас бага байсан бол
  • 2016 оны эцэст 9 хувьд хүрч,
  • 2018 оны эцсийн байдлаар 10 хувийг даваад байна. 

 

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл нэлээд идэвхжиж байгааг мөн онцолмоор байна. Хөрөнгийн зах зээл бол хувийн салбарын санхүүгийн эх сурвалж байдгийг санах хэрэгтэй. Хэдий идэвхжиж байгаа ч хөрөнгийн зах зээл ДНБ-ий дөнгөж 8 хувийг эзэлж байгаа нь бүс нутгийн орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур хэвээр байгаа юм.

 

Цөөн тооны банкуудын өөрийн хөрөнгө тийм ч хангалттай биш, банкны зохистой харьцааны үзүүлэлтийг чанд мөрдүүлэх асуудлууд, чанаргүй зээлийг бууруулах, сайн менежмент хийх асуудлыг сайтар анхаарах шаардлагатай.

 

-Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэнээр санхүүгийн системийн тогтвортой байдал хэрхэн сайжирсан бэ?


-Сүүлд хийгдсэн активын чанарын үнэлгээ (AQR) үнэндээ Монголын банкны салбарт эргэлтийн цэг байсан гэж хэлж болохоор байгаа юм. Үнэлгээний үр дүн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй сайн гарсан нь эерэг мэдээ байсан. Тухайлбал, 1998 оны Азийн санхүүгийн хямралын үед Азийн орнуудын хийсэн AQR-ын үр тийм сайн байгаагүй. Үнэлгээний үр дүнгээр банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал 2017 оны эцсийн байдлаар ДНБ-ий 1.9 хувьтай гарсан. 

 

Засгийн газар болон Төвбанкнаас EFF хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш эдийн засгийн сэргэлт хурдтай явагдсан нь банкны салбарт нэлээд эерэг нөлөө үзүүлсэн. Мөн хууль эрх зүйн орчинд нэлээд дорвитой шинэчлэл хийгдсэн бөгөөд Банкны тухай болон Төвбанкны тухай хуулиуд засаглалын олон улсын стандартын дагуу шинэчлэгдээд байна. Гэвч сайжруулах шаардлагатай зүйлүүд байсаар байна. Тухайлбал, цөөн тооны банкуудын өөрийн хөрөнгө тийм ч хангалттай биш, банкны зохистой харьцааны үзүүлэлтийг чанд мөрдүүлэх асуудлууд (ялангуяа Төвбанкнаас олгосон бодлогын зээлүүд дээр), чанаргүй зээлийг бууруулах, сайн менежмент хийх асуудлуудыг сайтар анхаарах шаардлагатай.

 

-Монголбанк болон Засгийн газар санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахын тулд цаашид ямар бодлого баримтлах нь зүйтэй вэ?


-Дэлхийн банкны Глобал Финдекс Мэдээлэл (Global Findex Database)-ийн үр дүн хэдий сайн байгаа ч хөрөнгийн зах зээлийн хөгжил сул хэвээр байгаа ба хууль, эрх зүйн зарим асуудлууд, засаглалын чанартай холбоотой асуудлууд гээд анхаарах зүйлс цөөнгүй байна. Банк бус санхүүгийн салбарыг сайжруулах, институцийг бэхжүүлэх, удирдлагыг сайжруулах тал дээр анхаарах нь зүйтэй байх. Уг салбар хэдий жижиг байгаа ч үйл ажиллагааг нь сайтар хянах, СЗХ-ны чадавх, бодлогыг илүү үр дүнтэй, сайжруулах тал дээр бас анхаарахад илүүдэхгүй байх.

 

Мөн түүнчлэн ОУВС-аас зөвлөдөг шиг, мэргэжлийн хяналт, шалгалтын байгууллага нь үйл ажиллагаа нь хэвийн бус, асуудалтай, зах зээлд эзлэх хувь багатай  жижиг банкуудын үйл ажиллагааг зогсоох эрхтэй байдаг. Хангалттай өөрийн хөрөнгөгүй, сул  заcаглалттай  банкуудын  хувьд  Төвбанкнаас  зайлшгүй авах арга хэмжээнүүд нь уг банкийг татан буулгах, эсвэл төр оролцох байдлаар асуудлыг шийддэг. Дээрх арга хэмжээг авахаас гадна холбогдох, журмуудыг нарийн мөрдүүлэх нь санхүүгийн салбарын эрүүл зохистой байдал, сайн засаглал, эдийн засгийн зохистой хөгжил зэргийн суурь болдог. Эцэст нь хэлэхэд аж, ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд гарах сэдлийг төрүүлж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах нь маш чухал.

 

Тухайлбал, банкуудыг хөрөнгийн зах зээл дээр гаргах нь засаглалыг сайжруулах, хувийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, эцэстээ эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоход мөн чухал байдаг.

 

-Монголбанкнаас саяхан "Капитал" банкийг татан буулгах шийдвэр гаргасан. Үүнийг санхүүгийн тогтвортой байдлаа хангах алхам гэж харж байна. Та санал нийлүүлэх үү? Үйл ажиллагаа нь үнэхээр доголдсон санхүүгийн байгууллагыг татан буулгах нь харилцагчийн эрх ашгийг хамгаалж буй хэлбэр гэж ойлгож болох уу?

 

-Төв банкнаас мэдээлснээр, тус банкны зээлийн бараг 80 хувь нь чанаргүй болсон байна. Төвбанк банкны салбарын хяналт, шалгалтын гол бөгөөд мэргэшсэн байгууллагын хувьд үйл ажиллагаа нь доройтсон банканд шаардлагатай арга хэмжээг авсан. Монголын эдийн засгийн зөв хөгжлийг авчрахад банкны салбар чухал үүрэгтэй бөгөөд банкуудын засаглалыг сайжруулах, тайлан балансыг сайжруулах, хангалттай өөрийн хөрөнгөтэй болгох нь суурь асуудлууд юм. Тиймээс Төвбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь олон улсын нийтлэг жишиг бөгөөд Монголын эдийн засагт зөв хөгжилд чухал шийдвэр гэж бодож байна.

 

-Үйл ажиллагаа нь доголдсон жижиг банкийг дампууруулснаар санхүүгийн зах зээл доргихгүй гэж бодож байна. Та ямар байр суурьтай байна вэ?


-Зээлийнх 80 хувь нь чанаргүй болсон банкийг татан буулгах шийдвэр нь хянан шалгагчийн ажил юм. Гол асуудал нь дээр  дурдсанчлан  Монголын эдийн  засгийн зөв хөгжлийг авчрахад банкны салбар чухал үүрэгтэй бөгөөд  засаглалыг сайжруулах, тайлан балансыг сайжруулах, хангалттай өөрийн хөрөнгөтэй болгох нь эн тэргүүний асуудлууд юм. Мөн түүнчлэн, банкны салбарт төдийлөн хүндрэл үүсэхгүй байх гэж бодож байна. Уг банк нь зах зээлд жижиг хувь эзэлдэг төдийгүй хадгаламж эзэмшигчдийн бараг 99 хувь даатгагдсан байгаа юм.

 

Миний бодлоор Хадгаламжийн даатгалын корпорац болон  хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгох тал дээр шаардлага арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч эхлээд байна гэж бодож байна.

 

Эх сурвалж: GoGo.mn

Shuud.mn
Сонин хачин