Алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй байна

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт иргэн Б-гийн охин У /9 настай, эмэгтэй/ гудамжиндаа тоглож байгаад сураггүй болоод 11 хонож байна. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байгаа юм.
Охин 2019.04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд алга болсон бөгөөд дуудлагаар тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, 5 автомашинтай 4.23-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд тус сумын Бумбат багийн “Цагаан нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/ тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг тус аймаг дах Цагдаагийн газраас 04.23-ны өдрийн 10:00 цагт ирүүлжээ.
Улмаар Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, Хилийн 0101 дүгээр ангийн 16 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 10 алба хаагч, нийт 76 алба хаагч, 8 автомашинтайгаар 04.24-ний өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж тус сумын “Дунд гүүр” гэдэг газраас Дулаанхаан тосгоны “4 замын уулзвар” гэдэг газар хүртэл “Ерөө” голын эрэг дагуу 29 км-т усаар, Жавхлант сумаас урд зүгт “Унгаагийн-Ам” гэдэг газраас “Гэзэгт толгой” гэдэг газар хүртэл 46 км-т газраар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна.
Эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ