Б.Дэлгэрмааг Элчин сайдаас чөлөөлөхийг дэмжлээ
2019-04-25

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, эцсийн найруулгыг сонслоо.

 

Дараагаар нь Элчин сайд эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлжээ. Төрийн албаны тухай, Дипломат албаны тухай хуульд хориглосон заалтыг зөрчиж, улс төрийн намын дэд даргаар сонгогдсон учир Б.Дэлгэрмааг эгүүлэн татах үндэслэл болжээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Намын дэд дарга болсон нь үнэн үү? Намын дэд дарга болсон бол өргөдлөө өгсөн үү? Томоохон орны Элчин сайдуудаа хэзээ томилох вэ? “60 тэрбум”-аа нөхөд төлж амжсан уу? Улс орноо бүтэн болгох дээр Ерөнхийлөгч анхаармаар байна. Л.Болд гэж нөхөр ноцтой юм ярилаа. Хоёр жоохон хүүхдийг аавтай нь, ээжтэй нь С.Зоригийн хэрэг нэрээр шатаасан. Хэн шатаасныг мэдэхгүй. Би нотлох баримтыг үндэсний телевизээр яриад халаглаж байсан. Тэр гэр бүлийг өмөөрөх хэрэгтэй байна. Цаана нь ноцтой явж байгаа шүү. Би хэд хэдэн асуудлыг ҮАБЗ-ийн нарийн бичиг, ангийн хүүхэд, миний андад хүргүүлнэ. Цааш нь миний ахад хүргүүлээрэй.

 

Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа:

 

-Өөрөө Ерөнхийлөгчид өргөдөл гаргасан. Гаргасан өргөдөл нь журмынх нь дагуу шийдвэрлэгдэх байсан. Өргөдлөөс нь өмнө асуудал орж ирсэн.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт иймэрхүү зөвшлийн бичиг оруулж ирсэнд харамсаж байна. Энэ хүний нэр төрд сэв суулгахаар бичиг оруулж ирж байгаад харамсаж байна. Б.Дэлгэрмаа дөрөвдүгээр сарын дөрвөнд “хугацаа дуусгавар болж байгаа учир үүрэгт ажлаас чөлөөлж өгөөч” гэсэн хүсэлт өөрийн биеэр хүргүүлсэн. АН-ын зөвлөл дөрөвдүгээр сарын долоонд хуралдсан. Олон улсад Элчингээр томилогдож байгаа Монгол Улсаа төлөөлдөг. Үүнийг ЕТГ “хугацаа дуусгавар болж байгаа учир чөлөөлж байна” гэсэн зөвшилцөл оруулж ирэх ёстой. Үүнийгээ залруулж өгөхийг хүсч байна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайд Б.Дэлгэрмааг албан тушаалаас нь чөлөөлөх санал хурааалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 55,8 хувийн саналаар Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг дэмжлээ. Нэгдсэн хуралдаанд явагдсан санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид бичгээр хүргүүлэх юм байна.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлгэрмаагаас өөр орос хэлээр сайн ярих хүн олдохгүй дээ, одоо бас л нэг хөгийн нөхөр томилогдоно доо
2019-04-28