Шри Ланкийн халдлагаар амиа алдагсдын тоо "100"-аар буурлаа
2019-04-26

Шри Ланк улсад "Улаан өндөг"-ний баярын үеэр цуврал халдлага болсон билээ. Эрх баригчид халдлагаар 359 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан хэмээн мэдээлж байв.

 

 

Тэгвэл халдлагаар амиа алдагсдын тоо 100-аар хорогдож, 253 болж буурсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

"Их хэмжээгээр гэмтэж, танигдахын аргагүй болсон хохирогчдын цогцсыг давхардуулан тоолжээ. Албаныхан тоон мэдээллээ нягтлахгүйгээр худал мэдээлэл нийгэмд түгжээ" гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав. 

 

Шинжээчид хохирогчдын цогцост "ДНК"-ийн нарийвчилсан шинжилгээ хийсний дараа хохирогчдын тоо буурч, тоон мэдээлэл шинэчлэгдсэн байна. 

 

Амиа алдагсдын 40 нь гадаадын иргэн гэдгийг албаныхан баталжээ. 

 

Христийн шашинтнууд болон гадаадын иргэдийн эсрэг зохион байгуулагдсан дээрх цуст халдлагыг нийт есөн амиа золиослогч этгээд үйлдсэн болохыг тогтоожээ. 

 

Мөн цагдаагийнхан халдлагатай холбогдуулан 40 этгээдийг баривчилсан ба орон даяар гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин