Н.Учрал: Регистрийн биш гар утасны дугаараар олон нийтийн сүлжээнд орох зохицуулалт хийнэ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэхээр тусгасан. Үүнд гишүүн Т.Аюурсайхан нээлттэй хэлэлцүүлэх санал гаргалаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Өнөөдөр хэлэлцэх асуудал дотор нэлээн хэдэн чухал асуудал харагдаж байна. Капитал банкны 80 хувийг дампууруулсан гээд байгаа. 20 саяас дээш хадгаламжтай иргэд их байна. Энэ банкийг ямар зорилгоор дампууруулсан бэ. УИХ-ын даргаас хүсэхэд Монголбанкны Ерөнхийлөгчийг дуудаад, хэдэн төгрөгийг яагаад алдсан бэ гэдгийг асуумаар байна.
Зохион байгуулалттай найдваргүй зээл өгсөн асуудал байгаа. Энэ банкны асуудлыг шуурхай шийдвэрлэхэд чиглэл өгөх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын суурь гурван хуулийн төслийг хэлэлцүүлмээр байна. Сүүлийн өдрүүдэд байнгын хорооны хурлаас буруу мэдээлэл аваад регистерийн дугаараар сошиал мэдээлэлд ордог ажлыг зохион байгуулах асуудлыг хуулинд тусгаж өгч байгаа. Түүнээс бус суурь эрхийг нь хөндсөн ямар ч зохицуулалтыг хийхгүй.
Ийнхүү гишүүд горимын санал хэлж дууслаа. Гишүүдийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулав. Сайд нь гадаадад томилолттой яваа тул Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг гишүүд дэмжлээ. Харин Эрдэнэсийн сангийн төсөв, орлого, зарлагыг хаалттай хэлэлцэх асуудлыг хуулиар зохицуулсан байдаг байна.
Ингээд Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжин санал хураалт явууллаа. Өчигдөр уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ