Автобус №1
2019-05-01

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай таксичин Хоовон ард олны эгэл амьдралын дунд хөвж явсан “аялалаа” зогсоосон. Түүний урт холын аяллыг үргэлжлүүлж машин ч үгүй, таксич үгүй түмний нэг би баяр гуниг ээлжлэн сүлэлдсэн, бүүдгэр саарал, бороотой шороотой хаврын өдрүүдэд амт нэмэхээр “автобус” тэмдэглэлийг эхлүүлж байна. Аяллын, ажлын ч биш жирийн ард түмний унаанд амьдрал буцалж, амь халуун яриа өрнөнө шүү дээ бас л...Оршилоо орхиж энэ удаад Зүүнсалаа-Халдварт чиглэлийн автобусаар аялсан тэмдэглэлээ уншигч авхай танд хүргэе.

 

1. Хөршийн охин алга болоод сар боллоо

 

“Мөнгөн завъяа”-ийн буудал дээр жирийтэл жагссан олон хүн бүгд харих л гэсэн нэг хүсэлтэй. Автобус ирж буудал дээр зогсохтой зэрэгцэн орох, гарах хамаагүй байж болох бүхий л хаалгаар нь нэгэн зэрэг чихцэлдэн орлоо. Аясаараа чихэгдсээр арайхын багтаж ороод эвтэйхэн булан олоод зогсож байтал хүүхэд тэвэрсэн бүсгүй, ахимаг насны хоёр эгч орж ирээд  охидын сандлыг “булаах” юм болоод л явчихлаа. “Алив бос, бид сууна” хэмээн зандрах нь аймаар. Тэр тав суудлаа солих гэж амьсгал давчуулж арайтай л ухаан алдуулчихсангүй.

 

Хүүхэдтэй эмэгтэйг цонхон талд чихээд, үлдсэн сандлыг хувааж суугаад хоёр эгч хэзээний танилууд шиг хөөрөлдөж эхэллээ.

 

Настай эгч 1: Цаг хэцүү болжээ. Манай хөршийн охин алга болоод одоо сар болж байна шүү дээ.

 

Настай эгч 2: Ямар айхтар юм бэ? Тэгээд сураг ажиг байхгүй юу?

 

Настай эгч 1: Байхгүй ээ. Цагдаа сэргийлэх, ээж аав нь ч хайгаад ер олдохгүй байна.

 

Настай эгч 2: Яачихдаг юм бол чааваас. Хүүхэд хулгайлаад хятад руу гаргаж эд эртнийг нь зардаг мардаг гээд л хэцүү хэцүү л юм сонсогдох юм байна шүү. Хэдэн настай хүүхэд юм?

 

Настай эгч 1: Хэлээд юу гэх вэ. Зайлуул ээж, аав шүү юм нь цөхрөнгөө барж байна. Хоёрдугаар анги ш дээ.

 

Настай эгч 2: Хамгийн сүүлд харсан үзсэн хүн байх юм уу?

 

Настай эгч 1: Хичээлдээ яваад л эргэж ирээгүй гэсэн. Алга болсноос нь хойш хоёр гурав хоногийн дараа Шөнийн захын үүдний камер шүүлгэсэн чинь автобусны буудал дээр бууж байгаа нь бичигдсэн байна гэнэ. Тэгээд л тэрнээс хойш ул мөргүй болсон гэх шив. Чааваас нялх амьтан хаана явдаг юм бол. Одоо тэгээд өчнөөн эрэл сурал болоод байхад амьд бол сураг гармаар юм даа.

 

Настай эгч 2: Одоо ч бас энд тэндгүй камертай болсон доо уг нь.

 

Настай эгч 1: Хмм. Зарим камер нь ажилладаггүй, бичдэггүй хачин л юмнууд байдаг юм билээ. Манай гудамжны үзүүрт камер байгаа. Тэгсэн дээр Доржийн гэрт хулгай ороод өнөө камерыг шүүлгэсэн чинь үхсэн хойноо ажилладаггүй юм байна лээ шт.

 

Настай эгч 2: Тэгж л таараа. Саяхан бас хоёр жоохон охин алга болсон гээд л сүйд болоод байсан чинь өнөө хоёр чинь найзындаа тоглож байгаад шөнө гэртээ орж ирсэн гэсэн шүү дээ. Фэйсээр тэгж байна лээ.

 

Настай эгч 1: Өө хөөрхий. Манай хөршийн охин тэгээд олдчихвол сайхан даа.

 

Настай эгч 2: Биднийг залуу байхад хүүхдүүд өдөржин гадаа тоглож байгаад л орой орж ирдэг байсан. Ерөөсөө санаа зовдоггүй амар байжээ нээрэн. Гэтэл одоо нүд салгаж боломгүй болсон. Ээ дээ хэцүү ч юм даа.

 

Настай эгч 1: Ёстой ёстой

 

2. Цус ойртсон мал

 

Хоёр эгчийн яриаг чагнан хөршийн охинд нь ч санаа зовж, хаачсан байж болох талаар бодол уралдуулж зогстол автобусны жолооч п..да наахуу болоод л явчихав. Шүргэлцээд зогссон хоёр машиныг тойрч гарах гэж нэгдүгээр эгнээ рүү даялж, автобусны зам хаасан залууг манай жолооч сүрхий загнав.

 

Автобусны жолооч: Эргүү п...даа минь, ингэж ороод байхдаа яадын. Тэнэг хар хүүр вэ чи. Одоо ухраач чи

 

Машины жолооч: Өмнө машин шүргэлцчээд тойрч гарахын хооронд хажуугаар шахаад ороод ирэхийн. Өөрөө жаахан хүлээчихэд болох юман дээр гацаа үүсгэчихээд уурлаад байх юм.

 

Автобусны жолооч: Чи муу юу гээд хуцаад байгаан бэ. Муу гөлөг, цус ойртсон мал минь чи бушуухан холдооч явмаар байна.

 

Энэ үед автобусны зорчигчид бүгд жолооочоо өмөөрч “Аягүү бол наадах чинь эмэгтэй жолооч байгаа даа. Машин барьж чадахгүй юмнуудын эрхийг нь хасвал таарна бла бла гээд л ам уралдан хэлэлцэв. Автобусны жолоочийн зүхэл “үхэж хэвтсэн хүүрээ, бушуухан ухар л даа” хэмээн үргэлжилж нөгөө машины жолооч арайхын ухарч зам тавьж өгснөөр хэрүүл тэгсгээд намжив, Аваар гаргасан машинаас болж түгжрэл үүссэнийг сая анзаарсан зорчигчид “Хөөрхий тэрний буруу ч байгаагүй л юм байна” хэмээн өмөлзөх нь өмөлзөв.

 

3.Зүүнсалааны автобус зүгээр л сүлжинэ

 

Хоёр эгч хүүгийнхээ эхнэр, эхнэрийнх нь найз, найзынх нь хөрш гээд хорвоогийн түм буман зүйлийг хольж хутган ярьсаар, автобусны жолооч  үе үе заал дүүрэн хүмүүсийг шуугитал тоормослон албаар зай гаргасаар “10 дугаар хороолол”-д ирлээ.

 

Халдвартаас зайгүй чихсээр 10 дугаар хороолол дээр ирэхэд сая нэг амьсгалах зай гардаг юм. Хоёр залуу орж ирээд картаа дартал “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” хэмээн ухаалаг систем ууртай хариулав. Нэг нь хэлээ гаргачихаад хоёулаа хойшоо явлаа. Энэ удаад жолооч ч юм хэлсэнгүй.

 

Залуу 1: Онигоотой юм бэ. Картаа цэнэглэхгүй яасын сда чинь?

 

Залуу 2: Мөнгө нь дууссаныг мэдсэнгүй шт. Энэ ингээд нэг мэдэхэд дуусцан байхынмаа.

 

Залуу 1: Тэгээд бас хүн даана ч гэх шиг.

 

Залуу 2: Сүртэйн бэ. Дуугүй бай. Цаг хэд болж байна?

 

Залуу 1: Зургаа гуч болжийна. Хоцорлоо.

 

Залуу 2: Зүгээр ээ хоцрохгүй. Зүүнсалааны автобусны жолооч нар Монголдоо л Шумахар. Зүгээр л сүлжинэ за юу. Чи харж байгаарай.

 

Нээрэн ч түрүүнээс хойш түгжрэл ихтэй байсан ч сүлжиж, мушгиж, гишгэсээр бусдаас арай л хурдан яваад байх шиг санагдсаныг хоёр залуугийн яриа батлав. Ур чадвартай юм аа гэх бодолтой зэрэгцэн түрүүний залууг “цус ойртсон мал” гэж загнасныг нь бодохоор аймаар ч юм шиг...Ямартай ч 19.00 цагт ирдэг буудал дээрээ 15 минутын өмнө бууснаар өнөөдрийн автобус аялал маань төгслөө.

 

Үргэлжлэл бий...

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
угаасаа манайхан ховыг бол үнэн базна дөө. Аниа нар бол аймааррр
2019-05-01
Жинхэнэ ховоор хооллодог юмнууд явжээ !
2019-05-01