Д.Төрхүү: Гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг өнөөдрөөс цахимаар авна
2019-05-01

Гадаадын иргэн, харьяатын газар өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж эхлэсэн байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтэн Д.Төрхүүгээс тодрууллаа.

 

58671920_2399386520182757_2940136282136772608_n.jpg

 

-Хувийн урилга болон визийн зөвшөөрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Гадаадын иргэн, харьяатын газар 2017 оноос “Цахим иммигрэйшн” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Манай үндсэн чиг үүрэг бол Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, бүртгэх, хянах, гадаадын иргэдийн гаргасан зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авдаг. Эдгээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшлийг ашиглаж төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож, хялбаршуулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Түүнчлэн 2019 оныг Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосон. Энэ хүрээнд манай байгууллага визийн зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж эхлээд байна. Визийн зөвшөөрөл гэж Гадаад харилцааны яам эсвэл Гадаадын иргэн, харьяатын газраас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлдэг. Гадаадын иргэн, харьяатын газар өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газраас авах түр ирэгчийн 31-90 хоногийн визийн зөвшөөрөл, 30 хоногийн байх хугацаатай олон удаагийн визийн зөвшөөрөл, олон улсын хилийн боомт дээрээс авах бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч байна.

 

-Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд цахим үйлчилгээг яаж авах вэ? Хүсэлтийг хэд хоногт шийдвэрлэх вэ?

 

Цахим үйлчилгээг авахдаа Гадаадын иргэн, харьяатын газрын www.immigration.gov.mn сайт руу нэвтэрч, сайтын баруун дээд хэсэгт байрлаж буй “Цахим виз” хэсэгт хандан хувь хүн, байгууллагын мэдээллийг бүртгүүлснээр энэ үйлчилгээг авах боломжтой. Эсвэл https://evisa.mn холбоосоор шууд нэвтэрч болно. Бүртгүүлсэн хэрэглэгч уг програмд нэвтэрч зааврын дагуух мэдээлэлтэй танилцаж, үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг оруулж илгээснээр бид хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх юм. Цахимаар илгээсэн хүсэлтийг хүлээж авч, бичиг баримтын бүрдэл бүрэн тохиолдолд ажлын 3 хоногт багтаан визийн зөвшөөрлийн хариуг цахим хаяг болон мессежээр илгээнэ.

 

-Цахимаар визийн зөвшөөрөл хүсэхдээ юуг анхаарах вэ?

 

-Визийн зөвшөөрөл хүсэхдээ эхний ээлжинд цахимаар визийн зөвшөөрөл мэдүүлэх шат дарааллыг сайтар уншиж танилцаарай гэж зөвлөмөөр байна. Түүнчлэн визийн зөвшөөрөл нь виз олгохыг зөвшөөрсөн баримт бичиг боловч хилийн боомт дээр виз олгох үед хийх ярилцлага, визийн мэдүүлэгт мэдээлэл зөрүүтэй, зорилго өөр бол тухайн зөвшөөрөлд бичигдсэн визийг олгохгүй байж болно. Иймд тухайн гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсч, түүний өмнөөс мэдээллийг илгээж байгаа хувь хүн, байгууллага нь хариуцлагатай хандаж, үнэн зөв мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалздаг хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, гадаадын иргэн, виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 1 сарын хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 16.2-т заасан зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн, Монгол Улсад зорчих зорилгоо тодорхойлж чадаагүй, виз олгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөөгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлэг өгсөн, мэдүүлгийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөөгүй зэрэг үндэслэл ордог.

 

-Цахим үйлчилгээний давуу тал, ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

 

-Цахим үйлчилгээ, технологийн шинэ дэвшил нь ямар ч үйлчилгээг хялбаршуулдаг давуу талтай. Дэлхий нийтээрээ цахим хурд, технологийн дэвшлийг ашиглаж байна. Энэ утгаараа үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, олон улсын жишигт нийцсэн иргэдэд ойр төрийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Өмнө нь иргэд материалын бүрдлээ авчирч өгөх болон хариугаа хүлээн авахаар ирдэг байсан бол одоо ирэх шаардлагагүйгээр хүсэлтийнхээ хариуг хүлээн авах боломжтой болж байна. Мөн цахим үйлчилгээний бас нэг давуу тал нь хүн хүнтэйгээ нүүр тулж харилцахгүй учраас тухайн ажилтан, үйлчлүүлэгчдийн хувийн зан, харилцаа нь үйлчилгээний түргэн шуурхай байдалд нөлөөлөхгүй зэрэг олон эерэг, давуу талыг харж байгаа.

 

Эх сурвалж: Гадаадын иргэн харьяатын газар

Shuud.mn
Сонин хачин