Хятадын шүүх Канадын иргэнд цаазын ял оноолоо
2019-05-01

БНХАУ-ын Гуандун мужийн шүүх өчигдөр хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэж, борлуулсан 11 этгээдэд ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноосон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Цаазын ял сонсоод буй этгээдүүдийн дунд АНУ-ын нэг иргэн, Канадын нэг иргэн, Мексикийн дөрвөн иргэн бий гэнэ. 

 

Канадын иргэн нийт 63 кг мансууруулах бодисыг хууль бус газар үйлдвэрлэж, борлуулсан болохыг шалгалтын явцад тогтоосон байна. 

 

Ийнхүү 2019 он гараад БНХАУ-ын шүүх хар тамхины хэргээр Канадын хоёр дахь иргэнд цаазын ял оноолоо.  БНХАУ-ын шүүх энэ оны нэгдүгээр сарын 27-нд хар тамхи хил давуулахыг завдсан Канадын иргэн Роберт Шелленбэргт цаазын ял оноосон юм.

 

Мөн Канадын экс дипломатч Майкл Ковриг, бизнесмэн Майкл Спавор нарын БНХАУ-ын төрийн эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулж, тусгаар тогтнол болон аюулгүй байдалд нь заналхийлсэн хэмээн буруутгаж, баривчлаад буй юм. 

 

АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Канадын цагдаагийнхан Хятадын харилцаа холбооны "Huawei" компанийн санхүү хариуцсан захирал Мэнь Ванжоуг оны өмнө баривчилсан билээ. Түүнийг АНУ-ын Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг зөрчиж, Тегеранд техникийн төхөөрөмж зарсан хэмээн буруутгасан юм. АНУ-ын  тал Мэнь Ванжоуг шилжүүлэн өгөх хүсэлтийг Канадад тавиад буй аж.  

 

"Ванжоу үнэхээр хориг зөрчиж, Иранд бараа бүтээгдэхүүн зарсан нь илчлэгдвэл тэрбээр хамгийн багадаа 30 жилийн ял сонсоно" гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ. 

 

Мэнь Ванжоугийн баривчилгааны дараахан Бээжин, Канадын иргэдийг "ангуучлах ажиллагаа" явуулах болсон билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин