Унтраагаагүй хаясан тамхи, машины яндангаас үсэрсэн оч, үнс зэргээс түймэр гарч байна
2019-05-05

Хаврын улиралд өнжмөл өвс, унанги мод ихээр хуримтлагдах, хур тунадас, чийгийн дутагдлын улмаас ихээхэн хуурайшилт үүсэх, салхины хурд, хүч нэмэгдэж, шуургатай өдрийн тоо олшрох зэрэг олон талын нөхцөлийн улмаас ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрддэг. Ийм эрсдэлтэй цаг үед ард иргэдийн болгоомжгүй байдлын улмаас унтраагаагүй хаясан тамхи, машин техникийн яндангаас үсэрсэн оч, бүрэн унтраалгүй ил задгай хаясан үнс, нурам зэргээс шалтгаалан ой, тал хээрийн түймэр үүдэн гарч байна. Энэ хаврын байдлаар хуурайшилтын улмаас олон улс оронд ой хээрийн түймрийн гаралт, цар хүрээ ихтэй байгаа.

 

Манай улсын хувьд өнгөрсөн саруудад баруун болон төвийн аймгуудын нутгаар тодорхой хэмжээгээр хур тунадас орж, хөрсний чийг зохистой түвшинд байгаа бол зүүн аймгуудын нутгаар хур тунадас бараг ороогүй, хуурайшилт ихтэй, гал түймрийн эрсдэл өндөр хэвээр байлаа.

 

Улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 33 суманд нийт 48 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 21.9 мянган га ой, 217.2 мянган га хээрийн талбай, нийт 239.2 мянган га талбай түймэрт өртөөд байна. Сүүлийн жилүүдэд Монгол-Орос-Хятад улсын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж, гурван улсын хил орчмын байгалийн экологи, эдийн засагт үлэмж хэмжээний хохирол үзүүлсээр байгаа юм.  2017, 2018 онд нийт 302 удаагийн ой, хээрийн  түймэр гарч, 1.1 сая га газрыг хамарсан  бөгөөд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тооцоо байдаг байна.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн баасан гаригийн хуралдаан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цаашид Улсын хил дамнан гарч буй ой, хээрийн түймэр, ялангуяа хоёр хөршөөс орж ирсэн түймрийн хурд их, эрчим өндөртэй, ихээхэн талбайг хамарсан түймэр олон тохиолдож байгаа тул урьдчилан сэргийлэх, хамгаалах, унтраахад ихээхэн хүн хүч, техник хэрэгсэл шаардагдах болсныг дурдаад цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлсэн. Тухайлбал, Монгол улсын газар нутаг өргөн уудам, хүн амын нягтшил бага байгаатай холбоотойгоор үүссэн ой, тал хээрийн түймрийг цаг хугацаа алдалгүй шуурхай илрүүлэхийн тулд хүн хүчнээс гадна шинжлэх ухаан технологийн ололт амжилт, дэвшилтэт технологиудыг ашиглан хиймэл дагуулын зураглал, нисдэг дрон, байнгын ажиглалтын камер зэрэг төхөөрөмжүүдээр гал түймрийн эрсдэлтэй газар нутгийг өргөнөөр хамруулах, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан байнгын ажиглалт хийдэг байх шаардлагатай байна гэсэн юм.

 

Өнгөрсөн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1075 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч 0.2 сая га ой, 13.8 сая га бэлчээр, нийт 14.0 сая га талбай түймэрт өртөж, байгаль экологи болон эд материалд 203.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Одоогоор ОБЕГ-т нэг ч нисдэг тэрэг байхгүй. Засгийн газар Франц улсаас урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлийн зээлээр гурван нисдэг тэрэг авахаар ажиллаж байгаа аж. Энэхүү нисдэг тэргүүдийг Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалахын яам, ОБЕГ буюу төрийн байгууллагуудын дунд хэрэглэх юм байна. Он гарснаас хойш 48 ой, хээрийн түймэр гарсан бөгөөд ОБЕГ-ын алба хаагчид цаг тухайд нь унтраажээ.

 

Урин дулааны улирал ирж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хамт олон агаар салхинд гарахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг холбогдох газраас анхааруулж байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Shaal huuchin nisdeg tereg bn lee francyn armd hereglez baisan kapital zasvar hiigeed manaid niiluuleh sanaatai za tegeed selbegnii une diildehgui gev
2019-05-06