БНХАУ: Трампын дарамт, шахалт дор хэлэлцээр хийх сонирхолгүй байна
2019-05-06

Дэлхийн тэргүүлэгч гүрэн болох АНУ, БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны дайн дахин гацаанд орж болзошгүй буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

2017 оны гуравдугаар сараас эхэлсэн уг зөрчил, өнгөрөгч оноос хурцдаж, АНУ-БНХАУ харилцан нэг нэгэндээ өндөр татвар ноогдуулах болсон юм. 

 

Худалдааны дайныг харилцан хохиролгүй дуусгах зорилгоор хоёр талын төлөөлөгчид Бээжин, Вашингтон хотноо уулзалт зохион байгуулагдсан ч тэд харилцан тохиролцоонд хүрч чадалгүй өнөөдрийг хүрлээ.

 

Вашингтон хотноо энэ долоо хоногт Бээжингийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон албаныхтай хэлэлцээр хийхээр тохиролцоод байна.

 

Харин Трамп "Хэрвээ энэ уулзалтаас худалдааны дайныг эцэслэхгүй бол бид БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын тарифыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн  импортын шинэ тарифууд ногдуулах болно" гэж анхааруулжээ.

 

Уг анхааруулгад Бээжин ихэд дургүйцэж "Дарамт, шахалт дор хэлэлцээр хийх сонирхолгүй байна" гэж хариу мэдэгдлээ. Цагаан ордны тэргүүн твиттер хуудастаа "БНХАУ-ын 325 тэрбум ам.долларын импортод 25 хувийн тариф ногдуулж магадгүй" гэж жиргэжээ. 

 

Трамп, Си Зиньпин нар өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Аргентин улсад зохион байгуулагдсан "Их 20" дээд хэмжээний уулзалтын дараа худалдааны дайны асуудлаар хэлэлцсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин