МХЕГ-ын дарга нарын авлигын хэргийг хэрэгсэхгүй болгов


Улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэмээн буруутгагдаад байсан МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2019.05.07/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болов.
Шүүхээс С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Э.Аззаяа нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгож, хээл хахуул өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг мөн хэрэгсэхгүй болгон, шийдвэрлэжээ. Хэрэгт холбогдолтой бусад 19 хүнийг торгох шийтгэл ногдуулсан байна.
Хэргийг эргэн сануулахад өнгөрөгч 2018 онд АТГ-аас Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийн гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсныг эд мөрийн баримтаар хураан авсныг мэдэгдэж байсан. Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ