Америк сайд Помпео Иракт гэнэтийн айлчлал хийлээ
2019-05-08

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр Ирак улсад гэнэтийн айлчлал хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр уг албаа хүлээн авснаасаа хойш анх удаагаа Багдад хотноо ийнхүү айлчиллаа. 

 

Сайд Финланд улсад зохион байгуулагдсан "Арктикийн Зөвлөлийн орнуудын сайд нар"-ын уулзалтад оролцоод Германы нийслэл Берлин хотноо очихоор төлөвлөж байсан ч гэнэт чиглэлээ өөрчилж, Багдад хотноо хүрэлцэн иржээ. 

 

Цагаан ордны хэвлэлийн алба сайдын айлчлалын талаарх албан ёсны мэдээлэл хийгээгүй ч айлчлалтай холбоотой хэд хэдэн гэрэл зургийг хэвлэл мэдээллийнхэнд тараасан байна. 

 

Помпео дөрвөн цаг Иракт саатахдаа тус улсын Ерөнхий сайд Адил Абдул Махдитай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцжээ. 

 

"Ирак олон жилийн турш иргэний дайн болон террорист бүлэглэлүүдээс болж хүндхэн байдалд оршин тогтносон. Харин энэ удаа Иран улс Иракийн тусгаар тогтнолд заналхийлэх боллоо. АНУ энэ бүхнийг хараад суухгүй бөгөөд үргэлжлүүлэн тэмцэхээ амлаж байна. АНУ цаг үргэлж холбоотнуудаа хамгаалах болно" гэж сайд мэдэгдлийнхээ үеэр онцлов.

 

"Помпеогийн айлчлалын гол зорилго Ираныг ганцуурдуулах, холбоотнуудыг нь холдуулах" гэж Тегеран мэдэгдлээ. 

 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон цагаас Вашингтон-Багдадын харилцаа эрс муудсан юм. Учир нь Трамп исламын шашинтай орны иргэдэд виз олгохоо зогсоохоос гадна Багдадыг "террористуудын гол өлгий" хэмээсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин