Б.Мөнхбаатар: "Буянт-Ухаа II"-ын 972 айлын орон сууцны хуваарилалтыг нийслэлд шилжүүлнэ
2019-05-08 15:24

Өргөдлийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Түрээсийн орон сууцны явцын талаар БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ. 

 

1542 түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулсан. Одоо "Буянт-Ухаа II" хороололд 972 айлын орон сууц баригдаж байна. Дулаан халаалт явсны дараа дотоод засал хийгддэг. Тавдугаар сарын 15 гэхэд дуусгана. Энэ 972 орон сууцны хуваарилалтыг хэрхэн хуваарилах талаар ярьж байна.   Энэ түрээсний байрны ам.метр нь 1.4 сая төгрөг. 

 

"Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлуулсан. Ингэхдээ гурван хэлбэрээр хийгдэнэ. Цаашдаа 8000 айлын орон сууцыг барихаар яригдаж байгаа. Мөн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд 1008 айлын орон сууцыг барихаар олон жил яригдаж байна. Газрын асуудлыг бүрэн шийдээд түрээсийн орон сууц барих ажил хангагдаад явж байна" гэдгийг БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар танилцуулав. Гишүүд мэдээлэл сонссоны дараагаар асуулт тавьж хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Хямд өртөгтэй орон сууц гээд байгаа. Чанартай орон сууц яаж барьж, хямдруулж байна вэ?

 

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар:

 

-Хямд өртөгтэй гэдэг нь газар болон дэд бүтцийн асуудал. Газар болон дэд бүтцийг улс шийдэж байгаа учир хямд өртөгтэй болж байна. Стандартын дагуу шаардлага хангасан орон сууц барихаар хичээж ажиллаж байна. 

 

ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй:

 

-Өнгөрсөн жилийн Өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлээр гурван ажил биелсэн. Түрээсийн орон сууцны өмчлөл, барилгын гүйцэтэл 95 хувьтай, цахим бүртгэл хангагдаад явж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Дөрвөн аймагт тус бүр 120 айлын орон сууцыг барихаар шийдвэрлэсэн. Энэ орон сууцнуудыг түрээслэх үү, өмчлөх үү Засгийн газрын шийдвэр гарсан уу?

 

БХБЯ-ны Газрын дарга н.Батжаргал:

 

-Төсөвтэй холбоотой мөнгө гацсан. Хөгжлийн банк санхүүжүүлсэн. Сангийн яамнаас шийдвэр гаргана. 

 

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат:

 

-Түрээсийн орон сууцны өртгийг хэрхэн шийдэж байна вэ?

 

БХБЯ-ны Газрын дарга н.Батжаргал:

 

-Хөгжлийн банкны хувьд ТОСК хамгийн том зээлдэгч. Үүнтэй холбоотой төсөвт суулгах мөнгийг одоо хүртэл суулгаагүй. 2016 оноос хойш дутуу барьсан барилгыг бид өөрийн данс дээрээ шилжүүлж, авах ёстой байгаа. Засгийн шийдвэр гараад мөнгө нь орж ирэхгүй байгаа. Бид 110 тэрбум төгрөг гарчихаад 95 тэрбум төгрөг авна гэсэн үг байхгүй. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авлаа. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин