Хорооны цагдаагийн хүсээгүй “болзоо”
2019-05-09

Сонгинохайрханыг архидалт ихтэй дүүргийн нэг гэдэг. Энэ нь ч үнэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай хамар хашаа эзгүй. Эзэнгүй хашааг эзгүйчилж “хүнд гарууд” өдөр, шөнөгүй наргина. “Хөөрхөөн боорлоог моориороо...” гэж эхэлсэн найр хавтгайрч амьдрал ярьж хэсэг уйлалдана. Тэгснээ гэнэтхэн сүрхий муудалцаж гудамжинд гарч энгэр заамаа чангаацалдана. Нэг их удалгүй байдал намжиж тасрах нь тасарч, зарим нь өшөө илүүг хайгаад гарч одно.

 

Өчигдөр нэг нь тасраад зам хөндлөн гарч амжилгүй тэг дунд нь тасраад унтчихаж. Хөөрхий “үйлийн үртэй”-гээрээ хорооны цагдаа л ирж байна. Тасарч унасан эмэгтэй туранхай биетэй, 30 орчим насных. Ядаж тав, зургаан орчим сартай жирэмсэн юм. Цүндийсэн гэдэстэй хэр нь биеэ удирдах ямар ч чадваргүй согтож, автомашины зам дээр ухаангүй хэвтэх нь хэцүү.

 

Түүнийг сэргээж, хаягыг нь мэдэх гэж хорооны цагдаа аргаа барав. Эцэст нь шанага дүүрэн ус авчруулж байгаад нүүр өөд нь зөөлөн цацтал сая нэг ухаан орж байгаа бололтой “Яаж байна аа” гээд нэг нүдээ хагас аниатай булингартай нүдээр ширтэж байна.

 

Хорооны цагдаа баярлаж “Аль хорооных вэ, хаана, хэдэн тоотод амьдардаг вэ, хүргээд өгье” гэгчлэн асуулт хөрвүүлэхэд “Би чинь бас хүн шүү дээ. Та нар ингэж болохгүй” хэмээн өөдөөс нь уурлаж, салаавч гаргаж байх юм.

 

Цагдаа асуултаа давтсаар нэлээд хугацаа өнгөрлөө. Гэнэт эрүүл хүн шиг босч ирснээ “Манайх уу. Баянголын 5 дугаар хороо....” гэхэд цагдаа ч, бид ч баярлаж “Тэгээд, тэгээд...хэдэн тоо вэ” хэмээн лавшруулахад хамгийн чухал үгээ хэлэлгүй гэдрэгэ унаад өглөө.

 

Цагдаа “Энэ манай хорооных биш ээ. Харагдаагүй юм байна. Ядаж жирэмсэн юм. Жирэмсэн болохоор “төмөр зам” авдаггүй байхгүй юу. Хэн нь эд нарт архи уулгаад, бас жирэмслүүлчихдэг байна аа” гээд энгийн ардуудтайгаа энэ удаад эрхгүй учирлав.

 

Цагдаа 103-т дуудлага өгөөд машинаа унаж ирэхээр замын эсрэг талд гарсан хойно жирэмсэн эмэгтэй гэнэтхэн босоод машинд дайруулчих шахан алхсаар хойш алхчихлаа. Хөөрхий хорооны цагдаа жирэмсэн дээр нь согтуу түүнийг явуулчихаж чадсангүй бололтой араас нь автомашинтайгаа дагаж “Хүргээд өгье, хаягаа хэлчих, ийшээ суу” хэмээн гуйх нь яг л тунирхсан найз бүсгүйгээ аргадаж буй дурлалт залуутай адилхан...

 

Бүсгүй гуйвж, дайвж алхсаар байрны өмнө очоод зогсчихлоо. Цагдаа хажууд нь очиж зогсоод тээр тэндээс над руу эрхий хуруугаа гозойлгоод “Одоо ор доо” гэж байгаа бололтой гараа далласан нь “хөөрхөн” санагдав. Түрүүчээс хойш хүний мууд дурлаж харж сонссонгүй л дээ. Хорооны цагдаа хаалга тогшиж “Шанага ус өгөөч” хэмээн гуйсан тул шанагаа авахаар хүлээж зогссон хэрэг.

 

Цагдаагийн ажил хэцүү. Тэр дундаа хорооны цагдаагийн ажил хүнд юм аа. Болж бүтэхгүй нөхдүүдтэй тэд л халз учирч, гэрийг нь олж хүргэж өгөх гэж, амь насыг нь хамгаалж төрийн хамгаалалтад авах гэж эргүү тэнэг, арчаагүй новшоороо дуудуулаад л зүтгээд байна.

 

“Манай хорооных биш л юм байна. Жирэмсэн юм даа, хүргээд өгчих юмсан” хэмээн аргаа ядаж зогсоо залуухан цагдаа "хүсээгүй болзооны" эзэн гэлтэй. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин