"Mongolian connection" кино Казахстаны 77 кино театраар гарч эхэлжээ
2019-05-09

“IFI” продакшны бүтээл “The Mongolian Connection” кино Казахстан улсын кино театруудаар энэ сарын 3-ны өдрөөс гарч эхэлжээ. 

 

 

Энэхүү кинонд АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлч хамтран тоглосон гэдгээрээ онцлогтой юм. Монголын кино уран бүтээлүүд олон улсын зах зээлд гарч, өндрөөр үнэлэгдэхэд томоохон түүчээ болохыг зорьсон уран бүтээлчдийн зорилго биеллээ олж Казахстан улсад ийнхүү киногоо амжилттай нээжээ. 

 

“Mongolian Connections” кино "Кровавый Транзит" нэртэйгээр Казахстан улс даяар нийт 77 театрт гарч эхэлсэн байна. Мөн 2019.05.16-д болох Өмнөд Америкийн хамгийн том жанр фестиваль болох "Fantaspoa” фестивалийн нээлтийн киногоор шалгараад байгаа аж.

 

Тулаан, тэмцэл, хайр дурлал, америк найруулагчийн ур чадвар нэвт шингэсэн, шинэлэг ур хийцтэй "Mongolian connection" уран сайхны киног Казахстанаас гадна дэлхийн олон оронд нээхээр төлөвлөөд байгаа юм. 

 

Тус киноны гол дүрд “IFI” продакшны жүжигчин Б.Амарсайхан, “Х Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн төгсөгч Б.Янжиндулам, Kaiwi Lyman, Sanjar Madiev, Zhandos Aibassov нар тоглосон юм.

 

Монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах "Синема Авардс 2019" наадам тун саяхан болж өндөрлөсөн. Энэхүү наадмаас СТА, жүжигчин Б.Амарсайхан "The Mongolian Connection" киногоороо “Шилдэг продюсер"-ын шагналыг хүртсэн.

 

 

Энэ талаар жүжигчин Б.Амарсайхан "Олон улсын жишигт хүрсэн, уран бүтээлч бидний хүч хөдөлмөрийг шударгаар үнэлж, дүгнэж, ихийг бүтээх урам зориг өгөөд зогсохгүй цаашдын уран бүтээлүүдэд бодит хөрөнгө оруулалт болсон хамгийн өндөр шагналын сан буюу 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Шилдэгийн шилдэг кино уран бүтээлд олгосон кино наадмыг зохион байгуулдаг "Өргөө" кино театрын хамт олондоо өөрийн болон шагнал авсан бүх уран бүтээлчидийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж 10 жилийн ойн баярын мэнд хүргэе" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан.

 

Дашрамд дурдахад энэ сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Холливуд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам болж өндөрлөв.  Фестивальд оролцохоор Холливудын 16 зочин Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.

 

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан 2014 онд “Марко Поло” түүхэн киноны нэгдүгээр бүлэгт Чингис хааны отгон хүү Тулуйн хүү Аригбөхийн дүрийг бүтээж, монгол  жүжигчид Холливудад гарах анхны шанг татаж байсан билээ. Түүний ур чадварыг Холливудын уран бүтээлчид өндрөөр үнэлж, Монголын зүг чих тавьж эхэлсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ингэж Монгол хүн анх Холливудын кинонд дүр бүтээж байсан бол өнөөдөр Монгол Улсад Холливудын уран бүтээлчид хүрэлцэн ирж, туршлага мэдлэгээ хуваалцаж буй нь ахиц, дэвшил юм.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин