Полит анализ: Оюутолгойгоос алдагдсан 2 тэрбум доллар
2019-05-09

 

“Модоо барих” учиргүй улс уг нь манай Монгол байгаа юм. Байгалийн баялаг, газарзүйн байршил, тогтолцоо зэрэг нь геополитикийн хувьд тусгаар тогтнолыг маань хадгалах давуу тал гэж судлаачид хэлдэг. Гэвч төрийн буруу бодлого энэ бүхнийг төвөггүй үгүй хийж мэдэх ганц аюул бидэнд бий. Яг одоо дуулиан шуугиан тариад байгаа Оюутолгой тойрсон асуудлаас үүнийг харж болно. Нөөцөөрөө дэлхийд гуравт ордог Оюутолгойн ордыг ашиглуулж эхлээд арван жилийг үдлээ.

 

Улстөрчдийн олонх энэ ордын хөрөнгө оруулагчид маш сайн ажиллаж байгаа гэдэг. Харин ард түмэн Оюутолгойн гэрээ, одоо байгаа байдлыг нь ойлгодог ч үгүй. Тэрний оронд “Эрдэнэс Тавантолгой”-гоос хувьцаа ч юм уу, ногдол ашиг ч юм уу, ямар нэг “биет юм” авах гэж явах нь зөв гэж үзнэ. Гэтэл Тавантолгойтой харьцуулашгүй Оюутолгойн орд маань харийнхны идэш ууш болох зам мөрөө нэгэнт олжээ. УИХ-аас ажлын хэсэг орж шалгасан ч дүгнэлтээ танилцуулж амжилгүй жил гаруй болсон байдаг юм. Яагаад гэдэг тодорхойгүй.

 

Арайхийж танилцуулах гээд нууцын тамгатай гишүүдэд тараатал, танилцаж эхлэхээс нь өмнө Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас “…Гэрээ өөрчлөхгүй. Битгий хуц” гэсэн хариу ирээдхэв. Бүгд гайхав. Гишүүд үзэхээс өмнө Оюутолгойн хөрөнгө оруулагчид руу хэн энэ нууц бичиг баримтыг дамжуулчихав гэдэг асуулт гарав. Бие бие рүүгээ чихэв. Явж явж Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир гэдэг этгээд дамжуулсан болж таарав. Ер нь энэ Их хуралд Оюутолгойн хөрөнгө оруулагчдын талд тууштай зогсдог гишүүн олон байдаг. Энэ гэрээ 2009, 2015 онд Монголд хэрэгтэй, маш зөв хийгдсэн бол дэмжих, хамгаалах хэрэгтэй. Гэвч “…Болохгүй байна” гэдгийг нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд, тэр дундаа АТГ-аас маш тодорхой, олон тооны фактаар бараг л нотолчихоод байна.

 

Та бод, энэ гэрээг 2009 онд байгуулсан Засгийн газрын тэргүүн Санжийн Баяр гадаадад ямар хөрөнгөөр олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй болсон юм бэ. Мэдэгдэж байгаа нь л энэ шүү. Энэ гэрээг байгуулсан Сангийн сайд С.Баярцогт яагаад хөрөнгө оруулагч компанийн хувьцаа эзэмшигч байсан юм бэ.

 

С.Баярцогтын найз Ч.Сайханбилэг яагаад Ерөнхий сайд болонгуутаа хөрөнгө оруулагчдыг дэмжсэн Дубайн гэрээ гээчийг байгуулах болсон юм бэ. Хууль хяналтын байгууллагууд тэднийг яагаад шалгаад байгаа юм бэ? Хариулт нь ойлгомжтой. Тэд Монголын ард түмний эрх ашигт халдаж, Оюутолгойн хөрөнгө оруулагчдын талд, өөрийнхөө төлөө ажилласан байгаа юм. Энэ мэт үндэслэлүүдээс харсан ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт гэрээнүүд Монголд хэрэггүй болсон нь тов тодорхой. Ийм байсаар байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголын улстөрчдийг, УИХ-ыг хэмх дарамталсан бичиг ирүүлж байгаа нь зүгээр л тэдний харилцаа ил болж байгаа хэрэг гэж харж болно. Арай л дээрэлхүү бичиг дээ.

 

Хөшигний ард манай улстөрчид гэж тендер, доллар гуйсан гуйлгачингууд л хөрөнгө оруулагчидтай уулздаг бололтой юм. Гэтэл Оюутолгойн орлого манай ямар ч татвар, бусад хяналтгүй гадагшаа гараад байгааг нотолсон нэгэн баримт ил болоод хэд хонолоо. Төр засаг “гүлдийгээд” таг, ард түмэн анзаарах сөхөөгүй байх шиг байна. Оюутолгойн хөрөнгө оруулагч Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд баталсны дараа жил нь Люксембургийн Вант улсад “Мовеле С.А.Р.Л” гэдэг оффшор компани байгуулсан байна. Энэ компаниар Оюутолгойн орлого дамжаад хөрөнгө оруулагчийн халаас руу ордог. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулагчид  “Мовеле С.А.Р.Л” компанийг зөвхөн Оюутолгойн төслийг “санхүүжүүлж”, хүүний орлого олох зорилгоор байгуулсан байгаа юм. Учир нь энэ компани санхүүгийн ямар ч чадамжгүй, ердөө 12.5 сая ам.долларын дүрмийн сантай. Тэгсэн атлаа Оюутолгойн ордод ажиллаж буй гадаад, дотоодын компаниудад ам.долларыг тэрбум тэрбумаар нь зээлдүүлэгч болчихсон байх жишээтэй.

 

Тиймээс манай улс ядаж татвараа, дээрээс нь 34 хувийнхаа ногдол ашгийг ч авах боломжтой 2 тэрбум ам.долларыг “…Хөрөнгө оруулалтын зээл төлөв” гээд аваад явчихаж байгаа юм. 2 тэрбум ам.доллар гэдэг бол 5.3 х наяд төгрөг болно. Мөн их мөнгө дөө. Ингэж авдаг арга нь манайх шиг ядарсан буурай улсуудын баялгийг ховх сордог ердийн нэг технологи байна гэдгийг учир мэдэх эх сурвалжууд нотолж байна.

 

Ерөөсөө л энэ 2 тэрбумыг авсан аргачлал буюу Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зээл хэлбэрийн санхүүжилтийн аалзны тор шиг сүлжээ байдаг аж. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулагч Англид бүртгэлтэй “Рио Тинто Плс” компаниас Люксембургийн Вант улсад байгуулсан  “Мовеле С.А.Р.Л”  гэдэг оффшор охин компанидаа 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт /санхүүжилт/ хийсэн. Тэндээсээ 4.9 тэрбум ам.долларыг зээл хэлбэрээр Нидерландад байдаг бас нэг оффшор, охин компани болох “Оюутолгой Нидерланд Б.В” компани руугаа дамжуулна. “Оюутолгой Нидерланд Б.В” компани  манайд байгаа “Оюутолгой” ХХК руу 4.3 тэрбум долларыг зээл болгон “ирүүлсэн” байдаг. Бас “Мовеле С.А.Р.Л”  компанид Монгол дахь “Оюутолгой” ХХК 2.6 тэрбум ам.долларын өртэй болсон.

 

Монгол дахь “Оюутолгой” ХХК-иас “Оюутолгой Нидерланд Б.В” компани  руу зээлийн хүүнд 1.0 тэрбум ам.доллар, бас “Мовеле С.А.Р.Л”  компанид зээлийн хүү болгож 1.1 тэрбум ам.доллар төлсөн. “Оюутолгой Нидерланд Б.В” компани  1.0 тэрбум ам.доллараа бас “Мовеле С.А.Р.Л”  компани руу шилжүүлсэн байна. Ингээд “Мовеле С.А.Р.Л”  нь “Оюутолгой” ХХК-иас шууд очсон 1.1 тэрбум, “Оюутолгой Нидерланд Б.В”-аас шилжсэн 1.0 тэрбум ам.долларыг нийлүүлээд 2.1 тэрбум ам.долларыг төвлөрүүлчихэж байгаа юм.  “Мовеле С.А.Р.Л”  компаниас энэ 2.1 тэрбум ам.долларын 2.0 тэрбум нь толгой компани болох “Рио Тинто Плс” руугаа очжээ. Энэ мөнгө бол “Рио Тинто”-гийн “сүлжсэн” зээлийн хүү буюу Оюутолгойн орлого юм.

 

Бас нэг факт гэвэл, 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр “Мовеле С.А.Р.Л” , “Оюутолгой” ХХК-иудын хооронд Хувь нийлүүлэгчдийн зээлийн эрхийг шилжүүлэх гэрээ хийсэн. Үүгээр “Айвенхоу Майнз” компани нь хөрөнгө оруулалт гэж хэлэх боломжгүй “зээл”-ийг зээлдүүлэгч талд шилжүүлж байгаа нь халхавч төдий зүйл байсан.  “Мовеле С.А.Р.Л”  компанийн бүх тайлангаас “Айвенхоу Майнз” компанид зээл олгосон, авлагатай гэдэг нотлох баримт байдаггүй аж. Болсон явдал энэ. Одоо яах вэ гэдэг хэн ч хаана ч ярихгүй байгаа нь хамгийн эмгэнэлтэй байгаа юм.

 

Энэ удаад 2 тэрбум ам.доллар сул гаргаад алдчихлаа. Цаашид ингэсээр байх уу гэдэг маш том асуултын тэмдэг монголчуудын өмнө тавигдаж байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mongoliig hudaldsan ene toriinhniig hurdan shorond ni hiihgui bol uls sonoloo
2019-05-10
ОюуТолгой үйлдвэрийг саалийн үнээ гэж үзвэл зэсийн хүдэр бол саалийн үнээний өвс гэсэн үг. ОюуТолгой үйлдвэрийг машин гэж үзвэл зэсийн хүдэр бол бензин гэсэн үг. Саалийн ферм үнээгээ тэжээхийн тулд өвс худалдаж авдаг. Хичнээн өвс худалдаж авч үхэртээ өгнө тэр хэмжээгээр үнээний сүүний гарц нэмэгдэнэ. Хичнээн хэмжээий өвс хадаж сүүний фермд нийлүүлнэ тэр хэмжээгээр хадланчин хүний орлого нэмэгдэнэ. Хичнээн хэмжээний сүү борлуулна тэр хэмжээгээр саальчин хүний орлого нэмэгдэнэ. Сүүнээс орох ашиг бол саалийн фермийн ашиг болохоос сүүний фермд өвс зарсан хадланчин хүний ашиг биш. Тарагны үйлдвэр сүүний фермээс сүү худалдан аваад тараг үйлдвэрлэн ашиг олж болно. Энэ тарагнаас олох ашиг бол тарагны үйлдвэрийн ашиг болохоос тарагны үйлдвэрт сүүгээ зарсан саалийн фермийн ашиг биш. Таксийн тээвэр эрхэлдэг жолооч хүн шатахуун худалдан авч хүн тээвэрлэн ашиг олж болно. Таксийн ашиг бол жолоочийн ашиг болохоос шатахуун түгээгүүрийн ашиг биш. ОюуТолгой үйлдвэр монгол улсаас зэсийн хүдэр худалдан авч зэсийн баяжмал үйлдвэрлэн ашиг оолж болно. Зэсийн баяжмалын ашиг бол ОюуТолгойн үйлдвэрийн ашиг болохоос энэ үйлдвэрт зэсийн хүдэр зарж борлуулсан монгол улсын ашиг биш.
2019-05-10
Оюутолгойн гэрээг цуцлаад шинээр байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ гадаадуудыг зайлуул.
2019-05-10
харамсаж байна:
ҮАБЗ ийн 3 хурдан шийдээ гаргаж энэ их баялаг монголд өгөөжөө өгөх ёстойг шийдээч. ЮУ хүлээгээд байдаг юм бэ? ОЮУ толгойн их баячлаг ард түмний өмч шүү
2019-05-10
тун удахгүй МОНОСУЭЛ болно...
2019-05-10