Пхеньян цагийн өмнө үл мэдэгдэх зэвсэг туршжээ

Хойд Солонгос улс өнөөдөр 16.30 цагийн орчимд үл мэдэгдэх зэвсэг туршсан талаар "CNN" агентлаг мэдээллээ.
"Пхеньян ямар төрлийн зэвсэг туршсан нь тодорхойгүй байна. Мэргэжилтнүүд туршилт болсон талбайг тогтоохоор ажиллаж байна" гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
Уг туршилтаас нэг долоо хоногийн өмнө Пхеньян "тактикийн шинэ зэвсэг" туршсан бол өнгөрөгч амралтын өдөр богино зайн тусгалтай баллистик пуужинг харвасан билээ.
Хойд Солонгос ойр ойрхон баллистик пуужин харваж, шинэ төрлийн зэвсэг туршиж буйг Вьетнамын Ханой хотноо зохион байгуулагдсан ТРАМП-КИМ нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүнгүй болсонтой холбон тайлбарлаж байна.
Уг уулзалтын үеэр залуу удирдагч Ким Чен Ун "Улсынх нь эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо цуцлахгүй бол цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй гэж мэдэгдсэн нь Дональд Трампыг ихэд эгдүүцүүлсэн. Үл ойлголцол өмнө нь байгуулсан гэрээ хэлэлцээрийг зогсонги байдалд оруулсан" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ