Хаанаа доромжилсон гэх Тайланд залуу өршөөлөөр суллагдлаа
2019-05-10

Тайландын эзэн хаан Маха Вачиралонгкорны зургийг фэйсбүүктээ нийтэлснийхээ төлөө 2.5 жилийн ял сонссон тус улсын Оюутны холбооны тэргүүн Жатупат өчигдөр өршөөлөөр суллагдсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Хааны сэнтийд залраад удаагүй байгаа эзэн хаан Вачиралонгкорн түүнийг өршөөлөөр суллах зарлиг гаргажээ. Залуу хоёр жилийн ялыг биеэр эдэлсэн бөгөөд ийнхүү суллагдахаасаа хэдхэн сарын өмнө эрх чөлөөтэй боллоо. 

 

Жатупат 2016 оны арванхоёрдугаар сард фэйсбүүк хуудсынхаа нүүр зургийг эзэн хааныхаа зургаар сольжээ. Удалгүй түүнийг “эзэнт гүрний эсрэг өдөөн турхирсан” гэж буруутгаж, шүүхээс 2.5 жилийн ял оноосон юм. Түүний оруулсан хааны хөргийг фэйсбүүкт 2600 гаруй иргэн “share” хийсэн нь хэргийн гол үндэслэл болж, "олон нийтийг буруу үзэлд ухуулсан" хэрэг үүсгэхэд хүргэжээ. 

 

Тухайн үед шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн олон зуун залуус нийслэл хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан боловч цагдаагийнхан уг жагсаалыг нухчин дарж, зохион байгуулагчдыг нь баривчилсан билээ.

 

Тайланд улс нь хаант засаглалыг доромжилсон, гутаасан аливаа үйлдэлд маш хатуу хуулийн дэглэмтэй улс юм.

 

2013 оноос хойш Тайландын эзэн хааны гэр бүлийг доромжилсон гэх 35 хүн 28-35 жилийн ял сонссон байна. НҮБ-ийн Хүний Эрхийн Хорооноос Тайландын хатуу чанга дэглэмийг шүүмжилж, шүүхийг нэг талыг барьсан шийдвэр гарахгүй байхыг уриалжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Суллагдахаасаа хэдхэн сарын өмнө биш, хугацаанаасаа хэдхэн сарын өмнө эрх чөлөөтэй болсон гэж хэлж байгаа юм боловуу даа. Бичиг үсэг тайлагдаагүй сэтгүүлчид их болжээ!
2019-05-11